Наадмын үеэр "Монголын нэг өдөр", "NAADAM NIGHT show" үйл ажиллагааг зохион байгуулах талаар Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам (БОАЖЯ)-наас мэдээллээ. Тодруулбал,
- Үндэсний соёл амралтын хүрээлэнд "NAADAM NIGHT show" үдшийн цэнгүүнийг долдугаар сарын 11-нд 17:00-00:00 цагт
- Хүй долоон худаг дэнжид "Монголын нэг өдөр" арга хэмжээг долдугаар сарын 10-12-нд 09:00-21:00 цагт зохион байгуулахаар төлөвлөжээ.
"NAADAM NIGHT show" цэнгүүний Ерөнхий найруулагч МУСТА Н.Болд "Юань гүрний үеэс Монгол төрийн их найрал уламжлагдан ирсэн. Энэ бол 512 хөгжимчнөөс бүрдсэн төрийн хэмжээний хамгийн том найрал юм. Дээрх арга хэмжээний үеэр ардын дуучид, хөөмийчид, үндэсний хөгжимчид нийлж, Монгол төрийн их найрал тоглолтыг хийнэ.
Монгол төрийн есөн хөлт цагаан туг залах ёслолыг жуулчид хамгийн их хүсэн хүлээдэг. Адууны дэл сүүлээр хийсэн ийм тугтай улс орон манайхаас өөр байхгүй. Есөн хөлт цагаан туг залах ёслол нь 800 гаруй жилийн түүхтэй. Наадмын үеэр тус ёслолыг видео хэлбэрээр багцалж үзүүлнэ. Мөн үндэсний бүжгийн дээд болсон цам харайна" гэдгийг хэллээ.
Мөн үргэлжлүүлэн "Энэхүү үдшийн цэнгүүн 17:00 цагт эхэлж, шөнийн 00:00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд хүрэлцэн ирсэн гадаад, дотоодын наадамчид маань уламжлалт ахуй соёл, идээ унд, анагаах ухаантай танилцаж, үзэж сонирхох боломжтой.
Наран дор асар олон өнгөнд нааддагаар Монгол наадам бол дэлхий дээрх цорын ганц соёлын биет бус өв. Үүнийг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвд онцгойлон тэмдэглэсэн байдаг. Гэхдээ гадаад, дотоодын наадамчдадаа зориулж, "NAADAM NIGHT" цэнгүүнийг оройн цагаар зохион байгуулахаар боллоо. Мөн үндэсний уламжлалт наадмаа монголчууд хэрхэн тэмдэглэдэг вэ гэдгийг лайваар дамжуулан дэлхийд харуулна" гэлээ.
"Монголын нэг өдөр" үйл ажиллагааны талаар “Улаанбаатар” чуулгын дарга Р.Мөнхсайхан "Аялал жуулчлал, ахуй соёлыг харуулах энэхүү наадам маань гурван өдөр үргэлжлэх болно. Наадамд 21 аймгийн төлөөллүүд ирж, өөрсдийн зан заншил, аймаг сумынхаа онцлогийг танилцуулна. Монгол эх орноороо бахархах сэтгэгдлийг төрүүлсэн ахуй соёлын наадмыг үзүүлэхэд бэлэн болоод байна" гэв.
"NAADAM NIGHT show", "Монголын нэг өдөр" үйл ажиллагааны тасалбар 80,000 төгрөгийн үнэтэй. Энэ нь модны тарьц суулгац бүхий эко тасалбар байна гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.