Өнгөрсөн долоо хоногт 16 давхар барилгын өргөгч кран унасны улмаас хоёр залуу амиа алдаж, нэг иргэн бэртэж гэмтсэн осол гарсан. Мөн үүнээс нэг хоногийн дараа баасан гарагт Маршал таун дахь барилга дээр өргөгч кран нурж, нэг хүн нас барж, нэг хүн гэмтсэн харамсалтай хэрэг дарааллан гарсан.
Энэ асуудлаар Монголын үйлдвэрчний эвлэл өнгөрсөн долоо хоногт "Барилгын талбайд гарсан эмгэнэлт ослуудын шалтгаан нөхцөлийг үнэн зөв тодруулж, хохирогчдын гэр бүлд болон олон нийтэд бодит мэдээллийг хүргэн, хууль эрх зүйн тусламж үйлчилгээг үзүүлэхээр МҮЭ-ийн холбооноос ажлын хэсэг гаргажээ.
МҮЭХ-ны ерөнхийлөгч Э.Эрдэнэбат "Энэ мэдээллийг эхлэхээс өмнөхөн суурийн нүх ухаж байсан хоёр залуу, блокт даруулж нас баржээ. Онцгой байдлын газар, Цагдаагийн ерөнхий газраас ослын газарт ажиллаж байна. Мэдэгдэж байгаа нь л энэ. Амь нь тасраагүй л бол мэдэгдэхгүй, нуугаад өнгөрч байгаа маш олон осол гарч байгаа.
Барилга бүр дээр осол гарч, хүний амь нас авч оддог нөхцөл үүсээд байна. Ашиг, орлого олох гэж ажиллаж байгаа барилгын компанийн эзэд энэ асуудалд шууд хариуцлага хүлээх ёстой. Томоохон барилгын компаниуд ардаа хууль, хүчнээр хамгаалуулсан, хэрэг гарахад дараад өнгөрөхийг оролддог, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хувцас, малгай төдийхнөөр төсөөлдөг хариуцлагагүй байдал тогтсон байна. Үүнээс болоод хийж бүтээх 18-35 насны хайран сайхан таван залуу гурав хоногийн дотор нас барлаа.
Урьдчилсан дүгнэлт гарчээ. Үндсэндээ краны буруу л гэж. Аюулгүй ажиллагааг хангаагүй л бол тэр кранаар ажил гүйцэтгэх ёсгүй. Гэтэл осол гарахад тухайн барилгаас ашиг, орлого олж байгаа захирлууд асуудлыг өөрсдөөсөө зайлуулж, туслан гүйцэтгэгчдээ буруу өгөх байдлаар асуудалд хандаж байна. Хүний амиар тоглож, бизнес хийхгүй ээ.
Залуучууд хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар ямар ч ойлголтгүй. Хий гэснийг нь л хийж байна. Ийм нөхцөл, байдлаас болж хүний алтан амь эрсдэж байна. Гэтэл үүнийг тоож байгаа хүн алга, найр наадам л яриад байх юм. Залуучууд маань эрүү ахуй, аюулгүй байдал хангаагүй газарт бүү ажил. Аминаас илүү ажил гэж үгүй.
Барилгын чиглэлээр суралцаж байгаа оюутнуудыг сургуультай нь гэрээ хийгээд барилга дээр маш их ажиллуулдаг юм байна. Гэтэл аюулгүй орчинд ажиллах эрх нь ноцтой зөрчигдөж байна.
Тийм учраас үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газар, УИХ-ыг яаралтай горимоор хуралдаж эрсдэлтэй барилга, байшингуудыг шалгаж онц байдал зарлахыг шаардаж байна" гэв.