Хүннү гүрний нийслэл Луут хотын туурийг олж тогтоож байсан Т.Идэрхангай доктор энэ удаад Сяньбигийн үеийн язгууртны бунхант булшийг Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутгаас судалж илрүүлээд байна.
"Сяньбичүүдийн ул мөр Монгол нутагт байхгүй юм биш үү гэх маргаан судлаачдын дунд саяхныг хүртэл гарч ирсэн. Бид хоёр дахь ул мөр, дурсгалыг илрүүлж, томоохон хэмжээний булш бунхныг судлан тогтоож чадлаа гэж тэрбээр ярив.
Газраас доош 5 метр энэ бунханы амнаас нь эхлээд л урьд хожид гарч байгаагүй олон эд өлгийн зүйлс, оршуулгын зан үйлтэй сонин содон юмс гарчээ. Жишээ нь, энд зөвхөн бугын эвэр бус, бүхэл бүтэн буга байна. Гэрэл тусгаад харахад бүхлээрээ харагдаж байгаа нь гайхмаар содон сонин байлаа. Язгууртны булшнаас буга, тарвага олдсон нь Монголд төдийгүй дэлхийд анхны тохиолдол гэнэ. Энэ мэт олон содон, шинэ зүйлсийг эндээс харж болно.