Төрийн хэмнэлтийн тухай хууль батлагдсаны дагуу нийслэлийн албан тушаалтнуудын автомашиныг хураан, төвлөрүүлж эхэллээ.
Тодруулбал, тус хуулийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын А/789 дүгээр захирамж гарч, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Төр захиргааны авто бааз УТҮГ-ын хамтарсан Ажлын хэсэг байгуулсан юм. Ийнхүү нийслэлийн нутгийн захиргааны болон өмчит, төсөвт аж ахуйн тооцоот байгууллага, тэдгээрийн харьяа орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын суудлын автомашинуудыг төвлөрүүлж байна.
Энэ талаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга Б.Батбаяр “Нийслэлийн хэмжээнд нийт 178 автомашиныг хурааж төвлөрүүлнэ гэсэн судалгаа гарсан.
Өнөөдрийн байдлаар 28 машиныг татан төвлөрүүлээд байна. Ашиглалтын шаардлага хангахгүйн улмаас засвар, үйлчилгээ шаардлагатай байгаа 15 машиныг хурааж аваагүй байгаа” хэмээв.
Төрийн хэмнэлтийн тухай хуулиар эмнэлэг, онцгой байдал, цагдаа, байгаль орчны хамгаалал, хот тохижилт, нийтийн аж ахуй, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын байгууллага болоод үндсэн үйл ажиллагаа нь тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл ашиглах шаардлага бүхий байгууллагуудын автомашины хэрэглээг хязгаарлахгүй байхаар тусгажээ.
Нийслэлийн Төр захиргааны авто бааз УТҮГ-ын дарга Э.Болор-Эрдэнэ “Манай баазын харьяанд 33 байгууллагын 78 автомашин хамаардаг. Эдгээр нь зөвхөн дарга нарын машин гэсэн ташаа ойлголт иргэдийн дунд бий. Тус автомашинуудыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчид өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаг.
Татан төвлөрүүлсэн автомашинуудыг дуудлагын зарчмаар ашиглах, үйлчилгээнд явуулах чиглэл ирсэн. Өмнө нь ч мөн аль нэг байгууллага манайд машин захиалж, албан хэрэгцээндээ ашигладаг байсан. Харин одоо технологийн хувьд шинэчилж, машин захиалах, дуудах үйлчилгээг илүү боловсронгуй болгохоор зорьж байна” гэсэн юм.
Нийслэлийн Төр захиргааны авто баазад парк шинэчлэл хийгээгүй удсан тул машинууд нь хуучирч муудсан бөгөөд 33 машиныг нэн яаралтай ашиглалтаас хасах шаардлагатай болсон талаар албаныхан онцолж байв.
Мөн автомашины хэрэглээг хязгаарлан, татан төвлөрүүлж буйтай холбогдуулан жолооч нарыг үргэлжлүүлэн ажиллуулах, тэдний орлого болоод нийгмийн баталгааг одоогийн түвшнээс бууруулахгүй байх чиглэлийг Хотын дарга холбогдох албаныханд өгсөн. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Төр захиргааны авто баазын батлагдсан орон тоог хасаж, цомхотгохгүй аж.
Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар