Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой асуудлаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.
Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат “Элсэлтийн Ерөнхий шалгалт өнөөдөр улс даяар эхэлсэн. Энэ жил ЭЕШ-д нийт 36253 шалгуулагч хамрагдахаар бүртгүүлсэн. Үүний 29200 орчим нь энэ жил 12 дугаар ангиа төгсөж байгаа шалгуулагчид. Үлдсэн 7000 гаруй нь өмнөх онд сурч төгссөн, дахин их, дээд сургуульд элсэхээр ЭЕШ дахин өгч буй шалгуулагчид бүртгүүлсэн.
Шалгуулагчдын 80 орчим хувь нь математик, физик, англи хэл, нийгэм судлал хичээлүүдийг сонгож шалгалт өгч байна. Түүх, газарзүй, Орос хэл хичээлүүдийг шалгуулагчдын 10-20 орчим хувь нь сонгосон.
Улсын хэмжээнд элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулах нийт 49 байранд шалгуулагчдыг хуваарилж, шалгалт авах бүх бэлтгэл ажил хангагдсан. Шалгалтын зохион байгуулалтад улсын хэмжээнд нийт 2800 орчим багш, ажилтнууд, цэрэг, цагдаагийн албаныхан, холбогдох чиглэлийн хүмүүс хамтран ажиллаж байна.
Шалгалт дууссаны дараа анги бүрээр нь хүүхдүүдийн хийсэн материалыг тусгай тест засагч машинаар уншуулж, шууд дүн оноогоо мэдэх боломжтой” гэв.
Мэдээллийг бичлэгээс үзнэ үү.