Дотоодын цэргийн штабаас дотоодын цэргийн 05 дугаар ангийн байлдагч амь насаа алдсан хэргийн талаар мэдээллээ.
Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Өнөөдөр дотоодын цэргийн 05 дугаар ангийн байлдагч амь насаа алдсан талаар өөрсдийн хэмжээнд хэлж болох мэдээллийг хүргэнэ.
Байлдагчийг сүүлчийн замд үдэх хүртэл Монгол ёс заншлын дагуу тодорхой хугацаанд мэдээлэл өгөөгүй. Өнөөдөр 05 дугаар ангиас сүүлчийн замд нь үдлээ”.
Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Р.Чингис “Дотоодын цэргийн штабаас ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Байлдагч амь насаа алдсан тухай мэдээллийг дотоодын цэргийн 05 дугаар ангиас зургаадугаар сарын 16-нд надад мэдэгдсэн. Байлдагч Н-ийн гэр бүлийн гишүүд зургаадугаар сарын 17-нд надтай уулзсан. Бид бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлж байна. Бид ямар ч тохиолдолд хуулийн байгууллага шалгах нь зүйтэй учир миний бие тэр дор нь Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албаны тусгай субъектийн хэргийг хариуцсан хэсэгт албан ёсоор бичиг хүргүүлсэн. Мөрдөн байцаах ажиллагаа шуурхай эхэлсэн” гэв.
Дотоод хяналт аюулгүй байдлын газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар “Цагдаагийн ерөнхий газар, цагдаа цэргийн байгууллагын дотоод хяналтын үйл ажиллагаатай холбоотой албан шалгалт хийгдэж байна. Албаны шалгалт дуусаагүй байна. Мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа байгууллагууд байлдагчийн нас барсантай холбоотой үйл ажиллагаанд нарийвчлан шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын байгууллагаар хяналт тавиулан, харъяалал тогтоолгон, хэрэг авилгатай тэмцэх газарт шилжсэн.
Бид албан шалгалтын үйл явцад тухайн байлдагч нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаас ирснээс хойш хугацаанд цэргийн албан харилцаанд орж байсан асуудлууд дүрэм журмын дагуу явагдсан уу. Эмнэлэг үйлчилгээний асуудлууд цаг хугацаандаа хэрэгжсэн үү. Дарамт шахалт байсан уу зэрэг шалгалтын ажиллагаа үргэлжилж байна”.
Камерын бүрэн тоо бол цэргийн нууцтай холбоотой. Цэргийн алба хаагчдын байрладаг болон дасгал сургуулилт хийдэг орчинд 18 камер байдаг. Унтлагын байрны хоёр камер гэр бүлийнхэн очиж үзэх үед түр зуурын засвартай байсан. Ямар нэгэн байдлаар камерын бичлэгийг устгах, өөрчлөх, солих ямар ч боломжгүй. Хэргийн материалд камерын бүх бичлэгийг хурааж авсан учир тэнд бүх зүйл байгаа” гэж Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Мөнхсолонго мэдээллээ.
Мэдээллийг бичлэгээс үзнэ үү.