Хятадын нэгэн ресторанд бүлэг эрчүүд дөрвөн эмэгтэйг хэрцгийгээр зодсон хэрэг болсон. Уг хэргийг үйлдэгсдэд ямар арга хэмжээ авсан, хохирогч бүсгүйчүүдийн амь нас, эрүүл мэнд хэрхсэн талаар албаны хүмүүс тодорхойгүй байна гэж шүүмжилж эхэлсэн. Мягмар гарагт буюу халдлага үйлдсэнээс хойш 11 хоногийн дараа, мөн анхны мэдэгдлээс хойш 10 хоногийн дараа хэрэг болсон Таншан хотод байрладаг Хэбэй мужийн олон нийтийн аюулгүй байдлын хэлтэс хоёр дахь удаагаа урт мэдэгдэл нийтэлжээ.
Нийтлэлд дурдсанаар 31, 29 настай эмэгтэйчүүд "хэвийн тасагт хэвтэн эмчлүүлж, биеийн байдал нь сайжирсан” гэв. Харин 24, 29 настай бусад хоёр хохирогч эмнэлэгт хэвтэх шаардлагагүй байсан гэжээ.
Цагдаагийн газраас иш татсан шүүх эмнэлгийн дүгнэлтээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй эмэгтэйчүүд “хоёрдугаар зэргийн хөнгөн гэмтэлтэй” байсан бол нөгөө хоёр нь “хөнгөн гэмтэлтэй” гэнэ.
10 хоногийн турш “мэдээллийн хар нүх” болох интернэтэд алдагдсан хяналтын камерийн бичлэг нь халдлагын зөвхөн нэг хэсгийг авсан, хүчирхийлэл ойролцоох гудамжинд камерын цаана үргэлжилсэн гэх мэдээлэл цацагдаад буй.
Энэхүү цуу яриаг няцаах гэсэн бололтой. Хэбэй хотын цагдаа нар мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ "сэжигтнүүд халдлага эхэлснээс хойш долоон минутад буюу 02 цаг 47 минутад хэргийн газраас зугтсан гэж мэдэгджээ.
Мөн 02 цаг 55 минутад дөрвөн хохирогчийг түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэсэн байна. Мэдэгдэлд дурдсанаар, орон нутгийн цагдаагийн алба хаагчид халдлага эхлэх үед олон нийтээс дуудлага хүлээн авснаас хойш хагас цаг орчмын дараа буюу 03 цаг 09 минутад халдлага болсон ресторанд ирсэн байна.
Сэжигтнүүдийг баривчлах цагдаагийн шуурхай арга хэмжээ, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор Таншаны эрх баригчид зарласан хоёр долоо хоногийн "аянга" кампанит ажилд тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд голчлон анхаарч байна. Хэрэгтний нэг нь халдлага болохоос гурав хоногийн өмнө зүүн Зянсу мужаас Таншан руу очиж, бусад таван хүнтэй "онлайнаар хууль бус мөрийтэй тоглоом тоглох, мөнгө угаах" үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон байсныг илрүүлжээ.
Тэдний зарим нь хууль бус зүйлс хийхээс эхлээд бусдыг санаатайгаар хохироосон гэмт хэрэгт холбогдож, эрүүгийн хариуцлага хүлээж байсан бүртгэлтэй гэнэ.
Мөн тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн хэлтэс цаг тухайд нь хариу өгөөгүй, хууль хэрэгжүүлэхдээ хууль тогтоомж зөрчсөн эсэх талаар дотоод шалгалтыг эхлүүлээд байна. Орон нутгийн цагдаагийн газрын дэд даргыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлжээ.
Эх сурвалж: CNN News