Иргэн Ж.Мөрөндэлгэр “Нэг сэтгэл-21 аймаг” хүмүүнлэгийн аян өрнүүлж, 21 аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэргэнцэр хандивлахаар өнөөдөр хөдөлж байна. Тэрбээр "Би гэмтлийн улмаас хөгжлийн бэрхшээлтэй болоод долоон жил болж байна. Анх гэмтсэний дараа муу тэргэнцэр аваад, тэргэнцэр олдохгүй байх зэрэг асуудал тулгарч байсан. Гэмтсэн хүмүүст тэргэнцэр өгөх юм сан гэсэн хүсэл байдаг. Тэр хүслээ биелүүлэхээр энэ аяныг эхэлж байна. Өөрийн боломжоороо, өөрийн биеэр хүргэж өгөхөөр зорьж байна. Өнөөдрөөс эхлээд хоёр сар гаруй хугацааны аялал болно. Энэ аяныг хараад бусад байгууллага, хүмүүс нийгмийн хариуцлагын хүрээнд аянд нэгдээсэй гэж хүсэж байна. Надтай нэгдсэн байгууллагуудыг замдаа зарлаад явна.
Өөрийнхөө мэдэх, чадах хэмжээндээ орон нутгийн иргэдэд мэдээлэл хуваалцана. Хөгжлийн бэрхшээлтэй болно гэдэг нь энгийн хүнээс нэг л шат хоцорсон гэсэн үг. Түүнээс хэт дор байдалд орсон хэрэг биш. Тэдэнд хэрэгтэй байгаа ядаж унааг нь дөхүүлж өгье гэж боддог. Ирээдүйд хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ төр засгаас сайн сайхан зүйлс их хийгээсэй гэж боддог.
Хөгжлийн бэрхшээлтэй ч бусад энгийн хүмүүстэй яг адилхан. Бидэнтэй энгийн хүнтэй харьцдаг шигээ харьцаасай. Хүлээж аваасай гэж хүсдэг” гэв.
Дэлгэрэнгүй мэдээллийг бичлэгээс үзнэ үү.