Баянгол дүүргийн 7, 8 дугаар хороо, Чингүнжавын гудамжнаас Гэмтлийн эмнэлгийн урдуур Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 1.5 км замыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчлэх ажил эхлээд байна.
Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, ахлах дэслэгч Ш.Батмөнх, Зам тээврийн хөгжлийн төв болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныхан мөн “Хөвчийн зам” ХХК-ийн удирдлагууд зам засварын ажил хэрхэн хийгдэх талаар мэдээлэл өглөө.
Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Баянгол дүүрэгт 2021 оноос он дамжин улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 28.2 тэрбут төгрөгийн санхүүжилтээр нийт зургаан багц төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. Энэ арга хэмжээ өнгөрсөн жил 70 орчим хувьтай, 2022 онд үлдсэн 30 орчим хувь нь хийгдэх гэж байна. Үүнд байгаа хамгийн том зам бол өнөөдөр нээж буй Гэмтлийн эмнэлэг рүү явсан 1.5 км урттай зам юм. Үүнийг дөрвөн эгнээ, хоёр талаараа явган хүний замтай, өргөтгөсөн шинэ зам болгохоор ажиллаж байна" гэв.
Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, ахлах дэслэгч Ш.Батмөнх “Замыг бүтэн хаавал бусад төв болон туслах замуудад ачаалал өгөх учраас Чингүнжавын гудамжнаас Гэмтлийн эмнэлгийн урдуур Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 1.5 км замыг хэсэгчилж хаахаар төлөвлөж байна. Өдрийн цагаар хаалаа гэхэд жолооч нарт аль болох ачаалал үүсгэхгүйгээр 24-48 цагаас хэтрүүлэхгүйгээр хэсэгчилж хаана. Ингэхдээ иргэдэд хүндрэл учруулахгүйгээр тэмдэг тэмдэглэгээ тавьж хөдөлгөөнийг зохицуулах болно” гэсэн юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг бичлэгээс үзнэ үү.