ТЕГ-аас хойшлуулшгүй ажиллагаа явуулж иргэн Ч.Мөнхбаярыг саатуулсан. Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг хийсэн хэмээн мэдээлсэн билээ. Өнөөдөр Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Г.Баасан, А.Батдорж нар иргэн Ч.Мөнхбаярын амь насны аюулгүй байдлын хариуцлагыг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл хүлээх ёстой" тухай мэдээллээ.
Өмгөөлөгч Г.Баасан "Ч.Мөнхбаяр 125 дахь хоногтоо цагдан хоригдож байна. Эмнэлэгт хэвтээд тав хонолоо. Ч.Мөнхбаяр бол цэл залуу биш, 50 гарсан хүн. Түүнд холбогдуулсан хэрэгт ямар ч нотлох баримт байхгүй. Энэ хүнийг Хятадын эсрэг тагнуул хийсэн гэх үйлдэл байхгүй, Монголын эсрэг бүр байхгүй. Ямар ч нууц юм байхгүй. Гэтэл энэ хүнийг 125 хоног цагдан хорилоо, өөр юу ч хийсэнгүй " гэсэн юм.
Ч.МӨНХБАЯРЫН АМЬ НАСНЫ ХАРИУЦЛАГЫГ ӨМГӨӨЛӨГЧИД ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛӨӨС НЭХНЭ
Өмгөөлөгч А.Батдорж “Ч.Мөнхбаярт цагдан хорихоос өөр тусгаарлах арга хэмжээ авах хүсэлтийг өмгөөлөгч нарын зүгээс удаа дараа тавихад хангаагүйгээс түүний амь насны аюулгүй байдал баталгаагүй болж байна. Тийм учраас суллах хүсэлтийг Сүхбаатар дүүрэг дэх Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх анхан шатны шүүх яаралтай хэлэлцэх ёстой гэж үзэж байгаа.
Тагнуулын байгууллага олон хууль зөрчлөө. Тагнуулын байгууллага Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг тагнуулын аргаар хангах зорилготой байгууллага. Гэтэл шал өөр улсын үндэсний аюулгүй байдлыг хангах зорилготой ажиллаж байна” гэв.
Өмгөөлөгч Г.Баасан “Ч.Мөнхбаярт 1 жил 3 сар гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Энд ямар ч тагнуулын шугамаар Монгол улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг хийж буй нэг ч баримт олж тогтоогоогүй. Хавтаст хэрэгт юу ч байхгүй. Төрийн нууцтай хамаатай юу ч байхгүй. Энэ бол санаа зорилготойгоор зохиомол хэргийг бий болгож, хуулиар далайлгаж, өөрт байгаа эрх мэдлийг ашиглаж, Монгол улсын иргэнийг эх оронд нь Хятадын нэрийн өмнөөс хэлмэгдүүлсэн улс төрийн ноцтой асуудал болж байна” гэлээ.
Эргэн сануулахад, иргэн Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж, үүрэг даалгавар биелүүлсэн гэх нөхцөлөөр өнгөрсөн хоёрдугаар сарын 17-нд баривчлан саатуулсан.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү.