Барилгын салбарт түүхий эдийн үнэ өссөн нь үйлдвэрлэгчдэд хүнд дарамт болж байна. Зарим барилгын компаниуд ажлаа зогсоож, хаалгаа барихад хүрчээ. Өнөөдрийн байдлаар, 1 тонн цементны үнэ 400 мянган төгрөг даваад байна. Үнэ ингэж өсөхөд тээвэрлэлтийн зардал бараг 10 дахин өссөн нь голлож нөлөөлсөн гэж бизнес эрхлэгчид ярьж байлаа. Барилгын ид улиралд компаниуд ажлаа алдаж, зогсоход хүрээд байгаа энэ асуудалтай холбоотойгоор бид дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
Бид өчигдөр Гурвалжингийн гүүрний ойролцоо байрлах “44”-ийн барилгын материалын захад очлоо. Энд нэг шуудай цемент 30 гаруй мянган төгрөгийн үнэтэй байлаа. Худалдаа эрхлэгчид “Өдрөөс өдөрт барилгын материалын үнэ өсч байна. Үнэ өсөхийн хэрээр худалдаж авах хүмүүсийн тоо ч цөөрсөөр байна” гэж ярьж байв.
МОНГОЛЧУУД ЦЕМЕНТЭЭ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭДЭГ. ГЭВЧ…
Манай улсад цемент үйлдвэрлэдэг 4 томоохон компани бий. Гэвч тэдгээр компаниуд дотоодын зах зээлээ хангаж чадахгүйд хүрээд байна. Нэгэнт цемент зэрэг барилгын голлох материалын үнэ өссөн энэ үед дотоодын зах зээлд өрсөлдөөн бий болгох замаар үнийг бууруулах хэрэгтэйг ч иргэд хэлж байлаа.
Барилгын материалын гол материал болох арматур, цементний үнэ өнгөрсөн жил болон цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 30-100 хувиар өсчээ. Өнгөрсөн дөрөвдүгээрсарын байдлаар нэг тонн арматурын үнэ 3-3,1 сая төгрөгт хүрсэн байна. Ууттай цементийн нэг тонны үнэ өнгөрсөн 2020 онд 320 мянган төгрөг болж нэмэгдсэн. Харин өнөөдрийн байдлаар 44 барилгын материалын захад 215,000-220,000 төгрөг байгаа талаар албан мэдээнд дурдсан байна. Гэвч биднийг зах худалдааны төвүүдээр очиход үүнээс ахиу үнээр борлуулж байлаа.
“Эй Ди” констракшны гүйцэтгэх захирал Н.Баттөмөр “Улсын төсөвт ажил авсан компаниуд өнөөдөр хүнд нөхцөлд ороод байна. Хувийн ажлаа хийж байгаа ААН-үүд алдагдалтай ч өнөө маргаашаа аргацааж, ажлаа үргэлжлүүлж байна. Төрөөс импортын барилгын материалд ноогдуулах татварт уян хатан зохицуулалт хийж өгөх хэрэгтэй байна” гэсэн юм.
1 М2 ОРОН СУУЦНЫ ҮНЭ 3,6 САЯ БОЛТЛОО ӨСЧЭЭ
Барилгын материалын үнэ өссөнөөс шалтгаалж, орон сууцны үнэ эрс нэмэгдсэн. Учир нь, барилга угсралтын ажлын төсөвт өртгийн 45 орчим хувийг барилгын материалын зардал эзэлдэг байна.
Өнгөрсөн оны хоёрдугаар сарын байдлаар 1 м.кв орон сууцны дундаж үнэ 1,8-2,4 сая төгрөгийн үнэтэй байсан бол энэ оны мөн үед 2,5-3,6 сая болтлоо өсчээ. Жишээ нь, та оны өмнө 60 м.кв талбайтай байрыг 120-130 сая төгрөгөөр худалдан авах боломжтой байсан бол өнөөдөр 180-190 төгрөг хэрэгтэй болох нь.
Зөвхөн Монголд төдийгүй дэлхий дахинд тээвэр ложистикийн асуудлаас шалтгаалан барилгын салбар уналтад ороод байна. Дэлхийн эдийн засгийн гол тоглогч Америк, Хятад Орос, Австрали зэрэг орнуудад үл хөдлөх хөрөнгийн үнэ 5- 25 хувиар өссөн статистик байна.
Ийнхүү барилгын ид улиралд компаниуд алдагдал хүлээж байна. Нөгөөтэйгүүр, үнэ тасралтгүй өсөж, орон сууцтай болох гэсэн иргэдийн нуруунд улам хүнд ачаа бий болж эхэллээ. Хэдийгээр тээврийн асуудал олон улсыг хамарч буй манай улс БНХАУ-тай харилцан ойлголцож, барилгын материалын үнийн өсөлт, нийлүүлэлт дээр онцгой анхаарч өгөхийг үйлдвэрлэгчид болон худалдаа эрхлэгчид хүсч байлаа. Нөгөө талаар, дотоодын цементны үйлдвэрүүдийг дорвитой ажиллуулах, нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарч өгөхийг ч хүссэн юм.
Видео сурвалжилгыг дээрээс үзнэ үү.