Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч эмнэлэгт ухаангүй хүргэгдэж ирээд нас барсан хэрэг гарсан. Тодруулбал, 18 настай Н энэ сарын 16-ны өдөр яаралтай тусламжийн тасаг ирж улмаар, ходоодны мэс засалд орсон ч амь насаа алдсан юм. Үүнтэй холбоотойгоор, цэргийн алба хаагч гадны нөлөөтэй нас барсан уу, эрүүл саруул хэмээн тэнцэж, цэрэгт мордсон хүү яагаад амиа алдах болов гэх хардлагыг дагуулж байна.
Талийгаачийн ар гэрийнхэн хэвлэлд ярилцлага өгөхдөө “Миний дүүгийн ходоод нь задарсан байсан гэж эмч хэлсэн. Дүү минь элдэв суурь өвчингүй цоо эрүүл байсан. Ийм болоод, ухаангүй хэвтэж байгаад нь гомдолтой байна" хэмээн талийгаачийг сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байх үеэр ярьсан байдаг.
Б.БААТАРХҮҮ: ЗАДЛАН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРААГҮЙ БАЙНА
Дотоодын цэргийн 05-р ангид цэргийн алба хаагч нас барсантай холбогдуулан бид Хууль зүй, дотоод цэргийн яамтай холбогдоход Цагдаагийн Ерөнхий газраас мэдээлэл авах боломжтой гэв. Ингээд, ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүтэй утсаар холбогдоход “Задлан шинжилгээний хариу хараахан гараагүй. Хэргийг шалгаж байгаа учир өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Хугацаат цэргийн алба хаагч нас барсантай холбогдуулан Хүний эрхийн Үндэсний комиссын бүрэлдэхүүн дотоодын цэргийн 05 дугаар ангид шалгалт хийжээ. “Одоогоор тус хэргийг ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газар, Дотоодын цэргийн штаб, Тусгай субьектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөх хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид шалгаж байна. ХЭҮК хяналт тавьж ажиллаж байна” гэсэн хариултыг Хүний эрхийн Үндэсний комиссоос өглөө.
ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД БИЕ МАХБОДИЙН БОЛОН БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТДӨГ
ХЭҮК-оос УИХ-д өргөн барьсан илтгэл цэргийн ангид дүрмийн бус харилцаа байсаар байгааг олон жишээг харуулжээ. Тодруулбал, өнгөрсөн онд цэргийн алба хаагч нүүрэн тус газраа хүчтэй цохиулсны улмаас ноцтой гэмтэл авч байсан тухай ч дурджээ.
Тохиолдол 1
“2021 оны … дугаар сарын …ны өдөр унтлагын цаг болчихсон, бүх цэргүүд амрах гэж байхад дэслэгч… нэлээд согтуу орж ирээд соёл амралтын өрөөнд нэр бүхий 15 цэргийг хоёр эгнээ болгон суулгаж байгаад яриа хийсэн. … алба хаагчийн элгэн тус газар 2-3 удаа хүчтэй цохиод, тонгойх зуур нүүрэн тус газар нь хөлөөрөө цохьсон. Талийгаач босож ирэхэд нь дахин нүүр рүү нь 2-3 удаа цохих үед хойшоо унаад дахиж босож ирээгүй. Ингээд 10 минутын дараа эмч дуудсан. Дэслэгч … өмнө нь согтуу хэд хэдэн удаа цэргийн анги байрлал дээр явж байдаг байсан… (Зэвсэгт хүчний …дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагчидтай хийсэн ярилцлагаас…)
Энэ мэтээр цэргийн алба хаагчдын эрхийг маш ноцтой зөрчих асуудал гарсаар байгааг Хүний эрхийн байгууллагаас анхааруулж байна. 2021 онд ХЭҮК-оос хийсэн судалгаагаар, цэргийн алба хаагчдын 18,8 хувь нь, хугацаат цэргийн алба хаасан иргэдийн 45,1 хувь нь алба хааж байх үедээ дүрмийн бус харьцаанд өртжээ. 2006 онтой харьцуулахад энэ төрлийн зөрчил 11-20 хувиар буурсан дүнтэй байгаа ч асуудал шийдэгдээгүй, ужгирсан хэвээр байгааг дээрх баримтууд нотолж байна.
Үүгээр зогсохгүй Дотоодын цэргийн ангийн алба хаагчид бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртдөг тухай бид https://www.urug.mn/news/16544 өмнө нь хөндөж байсан.