Эрүүл мэндийн яам, Хууль зүйн яам, Тээврийн цагдаагийн албанаас хамтран зохион байгуулж буй “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аяны нээлт боллоо. Энэхүү арга хэмжээ нь зам тээврийн ослын улмаас иргэдийн амь нас, эд хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал, хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой юм.
“Сүүлийн арван жилийн байдлаар 5000 орчим хүн зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан. Эдгээрийн ард 300-4000 ар гэрийн хүмүүс сэтгэл санаа болон эд хөрөнгийн маш том хохирол амссан. Орон нутагт зам тээврийн осол гарч байгаа хамгийн гол шалтгаан бол хурд. Хурдыг зам, орчныхоо нөхцөл байдалд тохируулдаггүй. Орон нутгийн замд осолд орж байгаа тээврийн хэрэгслийг ангилж үзвэл, суудлын автомашин зууны 85 орчим хувийг эзэлж байна. Иргэд орон нутагт зорчихдоо түгжрэл байхгүй гэж бодон хурд хэтрүүлдэг. Мөн хамгаалах бүс зүүдэггүй. Хамгаалах бүс зүүгээгүйн улмаас тээврийн хэрэгсэл онхолдох, мөргөлдөх тохиолдолд хүүхэд цонхоор шидэгдэх, амь насаа алдах тохиолдол маш их байгаа.
Зуны гурван сарын хугацаанд иргэд гэр бүл, найз нөхдөөрөө, хамт олноороо маш их амралт, зугаалгад явдаг. Энэ жил нийт 21 аймгаас 7-8 аймаг ойтой. Мөн орон нутгийн нийт 30 гаруй ЕБС ойн арга хэмжээ зохион байгуулна. Нийслэлд байгаа сая гаруй хүний дийлэнх хувь нь хөдөө орон нутгийг зорино” гэж тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Хөдөө орон нутагт зорчих иргэд аюулгүй байдлаа бүрдүүлж, техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж явахыг анхаарууллаа.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү.