Цаг бүртгэлийн ухаалаг систем нэвтрүүлээд буй “Тек стрим” компанийн захирал Н.Болорхүүтэй ярилцлаа.
АЖИЛТАН ЦАГАА БҮРТГҮҮЛЭХ ХЭД ХЭДЭН СОНГОЛТТОЙ
Ухаалаг цаг бүртгэлийн платформын онцлог нь юу вэ?
Timely ажилтны цаг бүртгэлийн ухаалаг платформ нь байгууллагуудад зориулсан ажилтны цаг бүртгэлийн систем юм. Байгууллагуудаас ямар нэгэн нэмэлт төхөөрөмж шаардахгүйгээр, ажилтны өөрийнх нь утсыг ашиглан цагийг нь бүртгэнэ. Ухаалаг утас бүр GPS-тэй болсон. Тухайн утасны байршлыг ажлынх нь байршилтай харьцуулж олдог. Ажил дээрээ байхгүй, магадгүй өөр газар байж байгаад цагаа бүртгүүлэх тохиолдолд байршил таарахгүй байна гээд харуулах боломжтой. Өөрөөр хэлбэл, ажилдаа ирсэн эсэхийг шалгадаг гэсэн үг. Энэ бол нэгдүгээр арга.
Хоёрдугаарт, байгууллагын үүдэнд байрлах дэлгэцэнд QR код гарч ирнэ. Тэр код нь таван секунд тутамд шинэчлэгддэг. Ажилтан орж ирээд, аппликейшнээрээ QR кодоо уншуулан цагаа бүртгүүлнэ. Ажил дээрээ байгаа тохиолдолд л уншуулна.
Гурав дахь арга нь, байгууллагын WIFI ашиглаж, цагаа бүртгүүлж болно.Ажил дээрээ орж ирэхэд, байгууллагын WIFI-д холбогдсон тохиолдолд цагийг нь шууд бүртгэнэ. Ийм давуу талуудтай. Зөвхөн ирц бүртгэл бус хүний нөөцийн чиглэлийн олон функцуудтэй байна. Үүнд, илүү цаг, өвчтэй, чөлөөтэй зэрэг хүсэлтүүдээ илгээх боломжтой. Нөхөн бүртгүүлэх гэх мэт хүсэлтүүд нь шууд удирдлага, админд очиж, админ зөвшөөрснөөр тайланд оруулсан хүсэлтүүд нь бодогдоод гардаг.
УЯН ХАТАН ЦАГИЙН ХУВААРЬ ГАРГАХ БОЛОМЖ ОЛГОДОГ
Өмнөх уламжлалт цаг бүртгэлийн аргаас юугаараа илүү онцлог, ялгаатай вэ?
Уламжлалт системүүд нэг л төхөөрөмжтэй байдаг. Хурууны хээ бүртгэл гэх мэт. 12 Хувь хүний нууцтай холбоотой хуульд хурууны хээний мэдээллийг ашиглаж болохгүй гэдэг заалт шинээр орсон. Иймээс ч манайх хурууны хээ ашигладаггүй. Тухайн хүний утсыг л ашигладаг. Зарим байгууллага царай бүртгэлийн систем ашиглах нь бий. Энэ нь заримдаа танихгүй байх зэрэг эрсдлүүд гардаг. Мөн уян хатан бус. Манай бас нэг давуу тал бол олон төрлийн цагийн хуваарь оруулах боломжтой. Үүнд, уян хатан цагийн хуваарь, чөлөөт хуваарь, тогтмол хуваарь, ээлжийн хуваарь зэргээр хувиараа оруулж болно.
ЯМАР НЭГ НЭМЭЛТ ТӨХӨӨРӨМЖ ШААРДЛАГАГҮЙ
Уян хатан цагийн хуваарь бол ажилтан өглөө 07 цагт ирээд, найман цаг ажиллаад 16 цагт тарж болно. Магадгүй 12 цагт ирвэл орой 21 цагт тарах гэх мэт хуваарь оруулах боломжтой.
Ээлжийн хуваарийн хувьд, өглөө, өдөр, оройн гэх зэргээр оруулах боломжтой. Мөн бүх байгууллага нэг газар оффистой байдаггүй. Групп компаниудын хувьд олон газар байршилтай байдаг шүү дээ. Ийм тохиолдолд бүх байршлаа админдаа оруулж өгөөд, ажилтнуудаа байршил дээр нь бүртгэж болно.
Ажилтны хувьд утаснаасаа цагаа бүртгүүлээд, өөрийн мэдээллээ хянана. Удирдлагын хувьд, админ сайт руу ороод, тэндээсээ мэдээллээ авна. Бид ирэх сард админуудад зориулсан аппликейшн гаргах гэж байгаа. Ингэснээр заавал компьютерээ нээгээд, нөгөө хүний хүсэлтийг аваад, ирцийг нь бүртгэх шаардлагагүй. Аппликейшнээрээ ороод л бүгдийг амжуулах боломж бүрдэх юм.
Одоогийн байдлаар, цаг бүртгэлийн системийг 271 компани ашиглаж байна. 10 аймагт үйлчилгээгээ нэвтрүүлсэн. Дорноговь, Дорнод, Дархан, Эрдэнэт, Говьсүмбэр, Увс гэх мэт. Нэмээд хэлэхэд, төрийн байгууллагууд манай үйлчилгээг нэлээн их ашиглаж байна. Нийслэлийн газрын алба, БЗД-ийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, СХД-ийн прокурорын газар, гурван шатны шүүх, Хөрөнгийн бирж, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн танхим зэрэг олон байгууллага манайхтай хамтран ажиллаж байгаа.
Үйлчилгээний үнэ өртөг уян хатан, өрсөлдөхүйц байж чадаж байна уу?
Уламжлалт цаг бүртгэлийн төхөөрөмж багадаа 2 сая төгрөгийн үнэтэй байдаг шүү дээ. Бас үүнийг хариуцах IT инженер хэрэгтэй болдог. Харин манай үйлчилгээг ашиглахад тусгай мэргэжилтэн шаардлагагүй.
TIMELY-ГААР ДАМЖУУЛАН УДИРДЛАГАДАА ӨРГӨДӨЛ, ХҮСЭЛТ ИЛГЭЭЖ БОЛНО
Зөвхөн цаг бүртгэлийн систем биш гэж та онцолсон. Өөр ямар үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж өгч байгаа вэ?
Байгууллагад ирдэг маш олон цаасан хүсэлтүүдийг платформоороо дамжуулж авах боломжийг бүрдүүлсэн. Өвчтэй, чөлөөтэй, илүү цагаар ажилласан зэрэг хүсэлтээ аппликейшнээр дамжуулаад явуулна. Мөн ямар нэгэн гэрээ, хөдөлмөрийн гэрээ зэргийг аппликейшнээрээ мэдээ мэдээлэл болгоод ажилтандаа илгээх боломжтой. Хамгийн сүүлд бид санал гомдол авах хэсэг оруулсан. Ажилтан байгууллагадаа ямар нэгэн байдлаар хүсэлт, санал гомдол илэрхийлэх тохиолдолд аппликейшн рүүгээ ороод, санал хүсэлт, хөдөлмөрийн аюулгүй байдал гэж сонгоод зургаа дараад, тайлбар бичээд илгээх боломжтой. Энэ нь байгууллагын зардлыг маш их хэмнэдэг. Бас нэг том давуу тал нь байгууллага домайн, сервер авах шаардлага байхгүй. Ажилтан Timely аппликейшнээ татаж аваад л болно. Байгууллагын хувьд манайхтай гэрээ хийнэ. Манай cloud дотор байгаа “admin timely” хэсэг рүү хандаж ороод бүртгэлээ хийнэ. Санхүүгийн тал дээр нэлээн давуу тал бий болгож байна. Цаас хэмнэнэ.
Ажилтны хувийн мэдээлэл нууц хэвээр үлдэх нь байна. Нэг өргөдөл бичээд, ширээн дээр тавихад хэн нэгэн харах вий гэсэн болгоомжлол ч байдаг шүү дээ?
Ямар нэгэн байдлаар цаасан өргөдөл, гомдол ил байдаг. Өөр хүмүүс харах гэх мэт асуудал үүсдэг. Түүнийг системээрээ дамжуулан илүү нууцлаг байдлаар авах боломжтой.
Цаг бүртгэлийн систем гэдэг нь тухайн ажилтны гэрээгээр хүлээсэн үүрэг, хариуцлагыг илэрхийлж байдаг. Энэ систем нь ухаалаг байснаараа байгууллагын соёлд их нөлөөлөх нь ээ?
Манай систем өнгөрсөн оны есдүгээр сараас хойш ажиллаж байгаа. Харж байхад хүн өөрөө ирцээ бүртгүүлчихээд тэр дороо өөрийнхөө цагийг харснаар дараа дахин хоцрох магадлал багасдаг байна. Би өнөөдөр 10 минут хоцорсноо цагаа бүртгүүлээд шууд харна. Нэг минут нь 100 төгрөг бол 10 минут 1000 төгрөг цалин дээрээс хасагдах нь ээ. Мргааш нь тэр хугацаа 5 минут болж багасч байна гэх зэргээр ажилтан өөрийгөө хянах боломжийг бүрдүүлж өгсөн. Энэ нь хэрэглэгч буюу ажилтанд зуршил бий болгох зэрэг олон давуу талтай.
Ярилцсанд баярлалаа.