Их Британийн сэтгүүлч Дом Филлипс, уугуул иргэдийн амьдралыг судлаач мэргэжилтэн Бруно Перейра нарын үхлийн гурав дахь сэжигтнийг баривчилсан талаар Бразилийн холбооны цагдаа нар бямба гарагт мэдэгдэв. Бараг хоёр долоо хоногийн өмнө сураггүй алга болсон эрчүүдийн цогцсыг хэдхэн хоногийн өмнө олсон. Цогцост хийсэн задлан шинжилгээгээр буудан хөнөөсөн гэдгийг тогтоосон юм.
Филлипс цээжин тус газраа, Перейра толгой болон хэвлий тус газраа буудуулсан гэж цагдаа нар мэдэгджээ. Задлан шинжилгээгээр "ангийн зориулалттай ердийн сумтай галт зэвсэг" ашигласан болохыг тогтоосон гэнэ.
Гурав дахь сэжигтэн Пеладо да Динха гэгддэг Жефферсон да Силва Лима Амазон дахь Аталайа-ду-Норте дахь цагдаагийн хэлтэст саатуулагджээ.
Цагдаа нар сэжигтнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээнд шилжүүлнэ гэж мэдэгдэв. Өөр хоёр эрэгтэй аллагад оролцсон гэх хэргээр аль хэдийн шоронд хоригдож байгаа юм. Пеладо гэгддэг Амарильдо Оливейра болон түүний ах, Дос Сантос хочит Осени де Оливейра нар шоронд хоригдож буй.
Филлипс, Перейра хоёрыг хамгийн сүүлд энэ сарын 5-нд Перу, Колумбтай хиллэдэг Жавари хөндийн ойролцоох Итакай гол дээр завиар явж байхыг харсан гэрчүүд бий.
Филлипс, Перейра нар сураггүй алга болсон газар загасчид, хулгайн анчид болон засгийн газрын ажилтнуудын хооронд ширүүн мөргөлдөөн гарчээ.
Филлипс Амазонкийн аюултай бүс нутгуудаар аялах нь эрсдэлтэй гэдгийг мэддэг байсан ч нутгийн уугуул иргэдийн түүх, ширэнгэн ойг аварч чадах хөгжлийн загваруудын төлөөх тэмцлийн тухай ярих үүрэг хүлээсэн тул ажлаа үргэлжлүүлэн, сурвалжилгаа хийсээр байсан аж.
Эх сурвалж: The Guardian