Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар хамтран орон нутагт авто машины осолд орж, хүнд гэмтсэн долоон иргэнд эмнэлгийн яаралтай тусламжийг үзүүллээ.
Тодруулбал, Дорнод аймгаас хоёр удаагийн нислэгээр зургаан өвчтөн, Өвөрхангай аймгаас нэг өвчтөнийг нисдэг тэргээр шуурхай тээвэрлэн гэмтлийн лавлагаа тусламж үйлчилгээг үзүүллээ. Үйлчлүүлэгчид ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Иргэд та бүхэн орон нутагт зорчихдоо замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, суудлын тоогоор хүнээ тээвэрлэж, хамгаалалтын бүсээ зүүж, хүүхдийг зориулалтын суудалд суулгаж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалж үргэлж сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв