Энэтхэгийн цагдаа нар лалын шашинтнуудыг баривчлан зодож байгааг харуулсан бичлэг интернэтээр тархжээ. Уг бичлэгийг Энэтхэгийн эрх баригч BJP намаас сонгогдсон гишүүн Шалабх Трипати хуваалцаж, "босогчдод өгсөн хариу бэлэг" гэсэн тайлбартайгаар нийтэлсний дараа цахим ертөнцөөр таржээ.
Бичлэгт гарч буй цагдаагийн албан хаагчид болон холбогдох албан тушаалтнуудад ямар нэгэн арга хэмжээ аваагүй байгаа аж. Халдлагад өртсөн хүмүүсийн ар гэрийнхэн тэдний ойр дотнын хүмүүс ямар ч буруугүй, тэднийг суллах ёстой гэж мэдэгдээд байгаа юм.
Энэхүү эмгэнэлтэй дүрс бичлэгт цагдаагийн офицерууд эрчүүдийг бейсболын саваа шиг зүйлээр цохиж байгааг харж болно. Цохиулсан эрчүүд чангаар орилж, "Өвдөж байна... Үгүй ээ" хэмээн хашхирч, зарим нь айсандаа хана налан хашхирч байгаа нь буужээ.
Баасан гарагийн мөргөлийн дараа тус хотын сүмд олон мянган хүн жагсаж, эрх баригч Хинду үндсэрхэг үзэлтэн Бхаратия Жаната намын (BJP) үндэсний төлөөлөгч Нупур Шармагийн Бошиглогч Мохаммедын тухай өдөөн хатгасан үг хэлснийг эсэргүүцсэн жагсаалд нэгдсэн юм.
Шашинтуудын хооронд хурцадмал байдал нэмэгдэхийн хэрээр Хинду шашинтнуудын эзэмшдэг зарим дэлгүүрүүд халдлагад өртөх болжээ. Офицерууд цугласан олны заримыг тараахын тулд бороохой ашигласан.
Цагдаагийн баримт бичгүүдэд Саиф болон бусад 30 хүнийг үймээн самуун дэгдээсэн, хүчирхийлэл үйлдэхэд хүргэсэн, төрийн албан хаагчийг гэмтээсэн, амь насанд нь аюул учруулсан гэх мэтээр буруутган хорьсон бөгөөд энэ хугацаандаа тэднийг ийнхүү шийтгэсэн бололтой.
Бичлэгийг тараасан гэгдэж буй парламентын гишүүн Трипати бол Энэтхэгийн хамгийн хүчирхэг улс төрчдийн нэг, энэ хэрэг гарсан Уттар Прадеш мужийн ерөнхий сайд Йоги Адитянатын хэвлэл мэдээллийн зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн гэнэ.
Намын албан тушаалтнууд болон BJP-ийн засгийн газрын хэн нэгнээс уг бичлэг дээрх зүйлсийг буруутгасан мэдэгдэл хийгээгүй байгаа аж.
Хүний эрхийн төлөөх бүлгүүдийн үзэж байгаагаар 2014 онд BJP -ынхан засгийн эрхэнд гарснаас хойш Энэтхэгт үл тэвчих уур амьсгал нэмэгдэж, үзэн ядсан үг хэллэг, тус улсын лалын цөөнх рүү чиглэсэн халдлага ихэссэн байна.
"Сахаранпурт ийм хэрэг гараагүй, хоёроос гурван видео олон нийтийн сүлжээгээр тарж байна. Хэрэв та удаашруулж буй нэг видеог үзэх юм бол видеон дээрээс өөр дүүргийн нэрийг харах болно" гэж цагдаагийн ахлах ажилтан Акаш Томар ВВС-ийн сэтгүүлчид хэлжээ. Акаш Томар тэр бичлэгийн жинхэнэ эсэхийг шалгахаар ажиллаж байгаа бөгөөд шаардлагатай бол арга хэмжээ авна гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC News