Хар тэнгисийн бүслэлт дэлхий даяарх дарамтыг нэмэгдүүлж байгаа тул урьд өмнө тохиогоогүй хүнсний хомсдол олон арван улс оронд үймээн самуун үүсгэж болзошгүй гэж Дэлхийн хүнсний сангийн тэргүүн мэдэгдлээ.
Энэ жил дэлхий даяар хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөхийн хэрээр олон арван улсад эсэргүүцлийн жагсаал, үймээн самуун, улс төрийн хүчирхийлэл даамжрах эрсдэл үүсээд буйг НҮБ-ын хүнсний тусламжийн салбарын тэргүүн анхааруулжээ.
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн захирал Дэвид Бисли хэлэхдээ, Украин, Оросоос улаан буудайн экспортоос хамааралтай улс орнуудыг тогтворгүй болгож болзошгүй "аймшигтай" хомсдол дэлхий дахинд тулгарч байгааг онцлоод "Украины хямралаас өмнө бид Ковид-19 болон шатахууны үнийн өсөлтөөс болж урьд өмнө байгаагүй дэлхийн хүнсний хямралтай тулгарсан. Дараа нь бид байдал үүнээс илүү дордохгүй гэж бодсон ч энэ дайн бүхнийг сүйрүүллээ" гэжээ.
Украин улс жил бүр 400 сая хүнийг тэжээх хэмжээний хүнс тариалдаг. Дэлхийн наранцэцгийн тосны 42%, эрдэнэ шишийн 16%, улаан буудайн 9% -ийг үйлдвэрлэдэг. Сомали улаан буудайн бүх импортоо Украин, Оросоос авдаг бол Египет үр тарианыхаа 80 хувийг тус хоёр улсаас авдаг аж.
Дэлхийн хүнсний тусламжийн хөтөлбөрөөс яаралтай тусламжийн хөтөлбөртөө зориулж улаан буудайн 40 хувийг Украинаас авдаг бөгөөд өртөг нь өсөхийн хэрээр хэд хэдэн оронд өгөхөөр төлөвлөсөн тусламжийн хэмжээгээ хоёр дахин бууруулахаас өөр аргагүйд хүрчээ.
Ковид-19, уур амьсгалын хямрал, Украины дайны улмаас тээвэрлэлт, бордоо, түлшний үнэ нэмэгдсэнийг гол хүчин зүйл болгон дурдсан тэрээр "архаг өлсгөлөн"-д нэрвэгдсэн хүмүүсийн тоо сүүлийн таван жилд 650 саяас 810 сая болж өссөн гэдгийг онцолжээ.
Бисли хэлэхдээ, 2007-2009 оны эдийн засгийн сүйрлийн дараа түүхий эдийн үнэ, инфляц өссөний улмаас дэлхийн 48 оронд үймээн самуун болон бусад эмх замбараагүй байдал үүссэн гэдгийг сануулсан байна. "Өнөөдрийн бидэнд байгаа эдийн засгийн хүчин зүйлүүд 15 жилийн өмнөхөөс хамаагүй дор байна" гэж тэр хэлээд хэрэв хямралыг арилгахгүй бол "өлсгөлөн, үндэстнүүдийн тогтворгүй байдал, олон нийтийн шилжилт хөдөлгөөн"-д хүргэнэ гэжээ.
"Бид Шри Ланкад үймээн самуун, Тунис, Пакистан, Перу зэрэг улсад эсэргүүцлийн жагсаал болж, Буркина Фасо, Мали, Чад зэрэг газруудад тогтворгүй байдал гарч байгааг харж байна. Энэ бол зөвхөн эхний шинж тэмдэг" гэж хэлсэн байна.
Украины Хөдөө аж ахуйн яам ОХУ Хар тэнгис дэх боомтуудаа бүсэлсний улмаас экспортод гарах 20 сая гаруй тонн үр тариа тус улсад гацсан гэж мэдэгдээд буй.
Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон тэргүүтэй Европын удирдагчид үр тариа экспортлохыг зөвшөөрөхийн тулд Украины гол боомт болох Одессийн бүслэлтээ сулруулахыг Орост уриалав.
Дэлхийн хамгийн баян хүмүүсийг дэлхийн өлсгөлөнтэй тэмцэхэд илүү их хөрөнгө зарцуулахыг уриалахын зэрэгцээ Владимир Путиныг Одесса хотыг нээхийг уриалсан Бисли
“Бид яаралтай хариу арга хэмжээ авахгүй бол дэлхий дээрх тамтай нүүр тулна. Яг одоо бидний хийж чадах хамгийн сайн зүйл бол Орос, Украин дахь тэр хараал идсэн дайныг зогсоож, боомтыг нээх явдал юм” гэжээ.
Эх сурвалж: The Guardian