Залуу зохиолч Доржгочоогийн Уранбилэгийн “Хар авдар” хэмээх түүхэн зөгнөлт ном өчигдөр нээлтээ хийж, уншигчдын хүртээл боллоо.
“Хар авдар” түүхэн зөгнөлт зохиол нь бичлэгийн өвөрмөц содон хэлбэр, цэвэр сэтгэмжийн хэв шинжтэй бөгөөд тэс ондоо агуулгатай олон бүлэгт хэсгүүдэд хувааж бичжээ. Тиймээс орчин үеийн дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэхүйц бүтээл болсон гэж номын шүүмжлэгчид үнэлж байна. Мөн сэтгүүл зүйн нийтлэлийн илэрхийлэл ч уг номонд шингэжээ.
Түүхэн зохиол хэдий ч зөгнөлт гэдэг утгаараа хийсвэр, зөн билэгдэлт, ид шидийн, гайхаш төрүүлэм олон ертөнцөөр уншигч таныг аялуулна. Зохиолын дэвшүүлсэн гол санаа нь “Хүмүүс бид энэхүү сав ертөнцөө хэрхэн аврах вэ?” гэсэн гүн гүнзгий асуулгыг тавьж, ирээдүйн гэрэл гэгээ, сайн сайханд итгэн найдаж буй тухай юм.
Зохиолч Доржгочоогийн Уранбилэгийн хувьд энэхүү ном нь түүний 6 дахь уран бүтээл ажээ. Тэрээр өмнө нь “Зүрхэнд дуссан нулимс”, “Цагийн хүрдэн”, “Сэтгэлд жаргасан нар” зэрэг түүхэн туужуудаа уншигчдад хүргэж байжээ. Харин “Чингис хааны дайтахуйн ухаан ба Орчин үеийн байгууллагын менежментийн бодлого” “Хүчирхэг удирдагч байх ухаан” ном нь хилийн дээс давж Япон болон БНХАУ ӨМӨЗО-д орчуулагдан хэвлэгджээ.