Бид хэзээ үхэхээ мэдэхгүй байж нэгнээсээ өө сэв хайх, атаархах, амин хувиа хичээн шуналтаж, ирээдүй хойчдоо “саарал” нийгэм үлдээж буй талаар манай зочин “Нарны охид” төслийн санаачлагч Жамбалын Нямаа ярьлаа. Өсвөр насандаа ааваасаа хагацсан тэр, энэ насны хүүхдүүдийн сэтгэл зүйн байдлыг онцгой анхаарах учиртайг ухамсарлан өнөөдрийг хүртэл хүмүүнлэгийн ажилд бие сэтгэлээ зориулж яваа юм.
Мөн тэрбээр эмнэлгийн байгууллагын хариуцлагагүй үйлдлээс болж эрүүл мэнд, цаг хугацаагаараа хохирч, амьдралын хамгийн чухал зүйл бол биеэ эрүүл байлгах, энэ талаар мэдлэгтэй ирээдүйг бэлдэхээр зорьж буйгаа хэллээ.
-Нэвтрүүлгийн урилга хүлээн авсанд баярлалаа. “Нарны охид” төслийг санаачлах шалтгаан юу байсан талаар яриагаа эхлүүлэх үү?
-Баярлалаа. Үзэгч уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Энэ төслийг болсон шалтгаан гэвэл, аравдугаар ангид ордог жил аав минь хүнд өвчнөөр нас барсан юм. Аавыгаа алдсаны дараа би сар гаран хичээлдээ яваагүй. Нэг л сонин болсон. Аавтай хүмүүс бардаж, аавгүй нь аргадаж амьдарна гэдэг яг үнэн үг юм билээ. Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй, их л ууртай болсон.
Манай гэрийн хамгийн бага нь хоёр ихэр охин байдаг. Ихрүүдийнхээ үсийг нь самнах гэж байхдаа маш муухай ааш гаргаад, үсийг нь угз татаад л. Түүндээ би одоо маш их харамсаж явдаг. Одоо бодоход тухайн үед би сэтгэл зүйн уналтад орчихсон байсан юм билээ. Өөрийгөө алдаж эхэлж байсан юм шиг. Өсвөр нас гэдэг ийм чухал байдаг гэдгийг хорь гарсан хойноо ойлгож байгаа юм.
Тэгээд л “Нарны охид” төслөө 2017 онд эхлүүлсэн. 10-19 насны өсвөр насны охидод чиглэсэн үндэсний хэмжээний төсөл гэж явдаг. Бид нэг кейсийн хойноос явах нь маш хэцүү. Маш их цаг хугацаа гардаг. Нэгэнт тэр хүүхэд хохирсон байдаг. Тиймээс өсвөр насны хүүхдүүдийг тодорхой хэмжээнд эрсдэлээс урьдчилан сэргийлэх чадамжтай, мэдлэгтэй, мэдрэмжтэй болгох зорилгоор энэ төслийн эхлүүлсэн.
-Төсөл үргэлжлэх хугацаанд сэтгэл өвтгөсөн олон тохиолдлуудтай таарсан байх гэж бодож байна. Та бидэнд энэ талаар хуваалцаач?
-Энэ насны хүүхдүүд өөрсдийгөө том болчихлоо гээд бодчихдог. Хоёрдугаарт, аав ээжүүд өөрсдөө “чи өдий том болчхоод” гээд загнаад байдаг. Ажил хийлгэх болохоороо л “том болчхоод” гэдэг. Хүүхдийнхээ бие сэтгэл зүй нь хаана явж байгаа вэ гэдэгт огт анхаардаггүй. Нарны охид төсөлд маань 1000 гаран захидал ирсэн. Тэр захидлуудыг унших үнэхээр хүнд. Заримдаа баярын нулимс гарна. Ихэнхдээ сэтгэл эмзэглүүлсэн зүйлс их гарна. Захидлуудыг уншиж байхдаа уйлах энүүхэнд шүү дээ.
Надруу хөдөөнөөс нэг хүн холбогдоод “Танд маш их баярлалаа. Миний охин амиа хорлох гэж байсан” гэж ярьсан. Тухайн охины аав, ээж хоёр нь багад нь салсан юм билээ. Хоёр талд аав ээж нь өөр хүүхдүүдтэй болсон. Охин ганцаараа эмээ дээрээ үлдчихсэн байдаг. Нөгөө хүүхэд ганцаардалд орно. Аав ээжийн хайрыг хэнээс нь ч авч чадахгүй. “Би хэнд ч хэрэггүй юм байна. Үхье” гэж шийдсэн байгаа юм. ингээд манай төслийн сургалтад сууж энэ бодлоосоо салсан талаар хэлсэн л дээ.
Тэр охины аав, “Та бидний амьдралд аз жаргал өглөө. Үнэхээр энэ бүхэнд би буруутай байсан” гээд л хэлсэн. Ийм үг сонсохоор миний сэтгэл огшоод л, баярлах сэтгэл төрнө. Аливаа зүйлийн хойноос яваад байхад энэ нь өөрөө үр дүн юм даа гэж хааяа боддог. Би өөрийгөө их азтай гэж боддог юм. Олон хүүхдүүдтэй боллоо.
-Өсвөр насны хүүхэдтэй яаж харилцах ёстой юм бэ?
-Хөдөө орон нутагт энэ асуудал бүр их хаягдсан байдаг. Тэр дунд эмзэг кейсүүд их бий. Томчууд аав ээжүүд, өвөө эмээ нар, дан ялангуяа өсвөр насныхантай зөв харьцаач гэж хэлмээр байна. Бүгдээрээ энэ насыг даван туулаад гарсан. Алдаа гаргахад нь томчууд дэмжлэг болоод байдаг. Зөөлөн дуугаар гоё ярилцаад, сонсох нь хамгийн чухал. Багш нар хүүхдүүдийг ангид нь зодоод байгааг харахаар л ямар эвгүй юм бэ гэж харагдаж байна.
-Таны хувьд эмнэлгийн байгууллагын алдаанаас болж эрүүл мэндээрээ хохирсон талаар ярьж байсан шүү дээ. Яг юу болсон юм бэ?
Тухайн үед би ухаан алдсан байсан. Амийг нь аврахын тулд заавал цус хийх ёстой гээд. Цусны төв дээр дадлагын хүн ч байсан юм уу. Хугацаа нь дуусаад 14, 21 хоночихсон цус надад хийсэн. Түүнээс хойш бие нэг ч өөдлөхгүй, пэмбийтэл хавдсан, хавагнасан. Байнга даараад л. Хөл, гар зүгээр гэртээ байж байгаад гэнэт мэдээ алдаад л. Үзүүлэхээр эмч нар архаг цус багадалт гээд байсан. Тэгж байж байгаад хуруу идээлээд, бүр болохоо байсан. Өвдөөд, янгинаад Солонгост очиж оношлуулсан чинь цусны олдмол өвчтэй болсон байсан.
-Эмнэлгийн байгууллага ямар нэг байдлаар хариуцлага хүлээсэн үү?
-Эмнэлгийн байгууллага хүнээс уучлалт гуйж сурах ёстой гэж би бодсон. Бүр сүүлд тухайн эмнэлгийн захиралтай уулзахад, над руу нэг их эвгүй харж байснаа “ер нь чи манай эмнэлгээс болоогүй, муу ус ууснаасаа болоод цусны өвчтэй болсон юм биш үү” гэж хэлсэн. Миний гол зурагдаад л явчхаж байгаа юм.
Ээж маань хүнтэй маргалдуулахыг хүлээн зөвшөөрдөг хүн биш л дээ. “Хая, битгий хүнтэй маргалд. Хийх ажилгүй хүн үү. Урагшаа зүтгэ. Хийх ажилгүй хүн л хэл амаа билүүдэж хойшоо ухарч явдаг” гэж дандаа хэлдэг. Намайг гэрийнхэн тийшээ хэл ам хийлгээгүй ээ.
-Энэ үйл явдлаас болж та юугаа алдсан бэ?
-Миний хувьд мэдээж эрүүл, саруул байсан биеийг байнгын арчилгаа шаарддаг болгож, өөрийгөө үргэлж хянаж явах ёстой гэсэн мөнхийн дагуултай болсон. Түүгээр би эрүүл мэнд ямар чухал байдаг юм бэ гэдгийг их ойлгосон. Эд хөрөнгө юу ч биш юм билээ. Эрүүл мэнд гэдэг л хамгийн чухал зүйл, том өв хөрөнгө юм байна гэж боддог болсон. Нарны охид төсөлдөө ч давхар эрүүл мэндийн хичээл ордог. Бид эрүүл мэндийн мэдлэг, хувийн соёл, хувийн ариун цэврээ маш сайн сахиж байхад өвчин бидэн рүү давхиж ирээд наалдаад байхгүй. Багаасаа эрүүл мэндийн мэдлэгийг суурь ямар хүн болох вэ гэдэгтэйгээ зэрэг суулгах ёстой.
-Баярлалаа танд нэмж хэлэх зүйл байна уу?
Хэд наслахаа мэдэхгүй байж муу зүйлс хэт их хийгээд л… Юуны ч төлөө юм. Манай Монголчууд тэнгэрлэг л гээд байдаг. Яс юман дээрээ тэнгэрлэг нь хаана ч байгаа юм гэж би гайхдаг. Бүгдээрээ хэт их атаархуу, өө хайдаг. Арай жаахан эерэг зүйл гарахаар байнга өө хайдаг. Хүүхдүүд маань бидний үлдээсэн нийгэмд яаж гарч ирэх вэ гэдгээ харахгүй байна. Үнэтэй машин унаад эсвэл өөрөө хүсэж байгаа, хэн нэгэнтэй барьцаж авч байгаа эд хөрөнгөөрөө өрсөлддөг. Юуны төлөө ингэдэг юм бэ гэж зарим хүнийг гайхдаг. Бид ийм нийгэм хүүхдүүддээ үлдээвэл хэцүү шүү дээ. Сайхан нийгмийг л үр хойчдоо үлдээмээр байна.
-Баярлалаа