Дугуй цагаан орчмыг тохижуулах компанийн төлөөлөл, холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
Хотын дарга Д.Сумъяабазар "Богд уулын энэ аманд дахин амины орон сууц бариулахгүй. Би эндээс сөөм газар ч аваагүй. "Энигма" компанийн захирал н.Мөнхбат энд ирсэн байна. Бид өчигдөр уулзсан. Бид ойлголцож чадна гэж бодож байна гэв. Сэтгүүлчид түүнээс энэ аман дарь хоёр давхар, амины орон сууцнуудыг аль компани барьсан талаар асуухад мэдэхгүй гэж хариуллаа. Мөн Туул голын дагуух, Шадар сайдын хамаарал бүхий компанийн барьсан барилгуудыг хэрхэх талаар асуухад "Улстөржмөөргүй байна" гэж хэллээ.
"Энигма" компани, МҮИС-ийн ТУЗ-ийн дарга Л.Мөнхбат "Би өмч хөрөнгөө эвдүүлсэндээ харамсаж байна. Бидний зогсож буй энэ ам Даяанчийн ам гэдэг нэртэй, авшигтай газар. Бид энд аялал жуулчлал хөгжүүлэхээр ажилласан ч зөвшөөрөл өгдөггүй. Манай компанийн ард ямар ч улс төрч байхгүй. Бидний хийж бүтээж буй бүхэн Монголын өмч болно. Энд 20-иод хүн ажиллаж байсан. Хот бидний алдагдлыг шийдэж өгнө гэж бодож байна.
МҮИС бол брэнд болсон их сургууль. Бидний нэрийг хүртэл авах гэж шүүхэд очсон удаатай. Манай сургуульд 200 орчим гадаад оюутан бий. Бид эдийн засаг, эрдэм шинжилгээний салбарт хувь нэмрээ оруулан ажилладаг гэв.
Богд уулын энэ амыг тохижуулах ажил удахгүй эхэлнэ. Тоглоомын болон чийрэгжүүлэлтийн талбай, хоёр гүүр, хоолны цэгүүд, нийтийн бие засах газар, алхалтын жим, задгай театр, таван амрах өртөө байгуулах юм байна. Ингэхдээ байгалийн тогтцыг алдагдуулахгүй, дандаа модон материал ашиглана гэв. Энэ ам тусгай хамгаалалттай газар тул уул руу өгсөх хэсэгт ямар ч тохижилт хийхгүй, 1.9 тэрбум төгрөгөөр засах юм байна.