Шри Ланкад ердөө тав хоног хэрэглэх хангалттай шатахуун үлдсэн талаар Эрчим хүчний эж сайд нь мэдэгдлээ. Тус улс Энэтхэгийн засгийн газраас шатахууны 500 сая ам.долларын зээлийн шинэ албан ёсны баталгааг хүлээж байгаа аж.
Нийт 22 сая хүн амтай тус улс гадаад валютын нөөц нь түүхэн доод хэмжээнд хүртэл буурч, хоол хүнс, эм тариа, шатахуун зэрэг зайлшгүй шаардлагатай импортын барааны төлбөрийг төлөх ам.доллар нь дуусаж, сүүлийн 70 жилийн хугацаанд хамгийн хүнд санхүүгийн хямралд нэрвэгдээд буй.
Шатахууны архаг хомсдол энэ долоо хоногт улс даяарх зарим шатахуун түгээх станцууд километрийн урттай дараалалд орсноор улам даамжирч байна.
Үлдсэн тав хоногийн нөөцөд тээврийн хэрэгсэл, зарим үйлдвэр, зайлшгүй шаардлагатай үйлчилгээний түлш ч мөн багтаж буй аж. Сарын өмнө Ерөнхий сайд ганцхан хоногийн шатахуун байна гэж хэлж байсан юм. Шри Ланка ханган нийлүүлэгчдэдээ 725 сая ам.долларын хугацаа хэтэрсэн төлбөрөө хийх боломжгүй, мөн ирээдүйн тээвэрлэлтэд зориулж аккредитив нээхээр тэмцэж байна гэж Эрчим хүчний сайд Канчана Вижесекера хэлжээ.
Тэрбээр сэтгүүлчдэд хэлэхдээ "Бид гадаад валютын асуудлаас болж шатахууны нөөцөө авч чадахгүй байна. Засгийн газар дизель түлш, бензиний нөөцөө зургаадугаар сарын 21 хүртэл зохицуулахаар ажиллаж байна" гэжээ. Мөн "Бид ойрын гурван хоногт бензин, ойрын найман хоногт хоёр удаа шатахуун тээвэрлэнэ гэж найдаж байна" гэж тэр нэмж хэлэв. Шри Ланка Энэтхэгийн засгийн газрын Эксим банкнаас 500 сая ам.долларын зээл авч чадвал шатахууны тээвэрлэлтийг санхүүжүүлэхэд зарцуулна гэж мэдэгдэв. Энэтхэг улс Шри Ланкийн санхүүгийн хямралын үед гол дэмжигч байсан бөгөөд 3 тэрбум орчим ам.долларын тусламж, тэр дундаа зайлшгүй шаардлагатай импортын 1 тэрбум ам.долларын зээлийн шугам, 400 сая ам.долларын своп хэлцлийг оруулсан.
Шри Ланка Орос зэрэг олон улс оронтой холбоо барьж, шатахуун импортлох хувилбаруудын талаар ярилцсан гэж сайд Вижесекера хэлэв.
Тус улс мөн ОУВС-тай тусламжийн багцын талаар ярилцаж байгаа бөгөөд төлөөлөгчид зургадугаар сарын 20-нд Шри Ланкад ирэх төлөвтэй байгаа аж.
Эх сурвалж: CNN News