УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлэг эхэллээ.
УИХ дахь МАН-ын дарга Д.Тогтохсүрэн "Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийг олон хоног хэлэлцсэн. Ажлын хэсэг, ажлын дэд хэсэг гарч ажилласан. Үндэсний бөх, морь, сур, шагайн холбооныхон бүгдээрээ хоорондоо ярилцаж зөвшилцөлд хүрсэн. Хуулийн төслийг энэ хэвээр нь батлахад зөвшилцөлд хүрсэн байна лээ.
Баяр наадмын хууль батлагдсаны дараа Засгийн газрын болон холбоодын 10 гаруй журмыг долоодугаар сарын 1-нээс өмнө батлах ёстой. Өөрөөр хэлбэл барилдах бөх, уралдах морьд, харвах сурчид, оролцох шагайчдын дүрэм тодорхой болсон байх ёстой. Иймээс өнөөдрийн хуралдаанаар зөвхөн зарчмын зөрүүтэй асуудлаар санал солилцох горимын санал гаргаж байна" гэлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт тус хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр өнгөрсөн жилийн наадамд барилдсан бөхчүүдэд цол олгох санал гаргаснаа дурдав.
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат "Бүсийн наадамд цол олгох асуудлыг байнгын хорооны гишүүд дэмжээгүй. Энэ асуудалд ганц гаргалгаа үлдсэн. Саналаа татах юм. УИХ-ын дарга хоёрдугаар хэлэлцүүлэг дээр гүйцээн боловсруулах чиглэл өгвөл энэ асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо шийднэ. Бүсийн уралдааныг цэгцэлмээр байна.
Жилд дөрвөн бүсийн уралдааныг зохион байгуулах талаар хуульчилж байгаа. Их хурдтай жил гурван бүсийн уралдаан болно гэж тооцож байна. Орон даяар нэгэн зэрэг уг уралдаан болно" гэлээ.
УИХ-ын дарга Г.Зандаршатар "Бүсийн наадамд цол олгох нь зүй ёсны хэрэг байх. Энэ асуудлаар гүйцээн боловсруулах чиглэл өгнө. Гэхдээ улсын наадмынхаа нэр хүнд чанар чансааг бодох ёстой. Бүсийн хоёр түрүү улсын наадмын нэг түрүүтэй тэнцэнэ гэсэн байдлаар зохицуулалт хийж, бүсийн цол олгодог журмыг хуульд шинээр оруулах хэрэгтэй. Ингэвэл тухайн орон нутгийн малчин ард түмэн баярлана. Харин бүсийн наадмыг зэрэг явуулах нь буруу. Тухайн орон нутаг зуншлагын байдлаасаа хамаараад хэзээ наадахаа зохицуулж ирсэн. Төрийн цол, наадмаа л хуульчилмаар байна. Хэвтээ зохицуулалтын юмыг босоо зохицуулалт руу оруулснаар дараа нь асуудал үүсдэг" гэв.