Монгол Улсаас Бүгд Найрамдах Мальта Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ц.Нарантунгалаг 2022 оны зургаадугаар сарын 16-ны өдөр Бүгд Найрамдах Мальта Улсын Ерөнхийлөгч Жорж Веллад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Мальта Улсын Ерөнхийлөгч Ж.Велла Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын дараа Элчин сайд Ц.Нарантунгалагийг хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Элчин сайд Ц.Нарантунгалаг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Мальта улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон салбаруудад хөгжүүлэх, ялангуяа эдийн засаг, боловсрол, аялал жуулчлал, иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч Ж.Велла Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд нэн өндөр хүндэтгэлээ илэрхийлж буйг уламжлахыг хүсээд Монгол, Мальта хоёр улс газарзүйн байршлын хувьд хол оршдог ч хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэлээ хэмээн ГХЯ-наас мэдээллээ.