“Миний хүүд туслаач. Авраач. Хандивын гараа сунгаач” гэх элэг эмтрэм бичиг барьж бусдаас тусламж эрэх дүр зураг Улаанбаатарын гудамжаар хэд алхаад л тааралдаж байна гэхэд хилсдэхгүй. Товчхондоо, Монголчууд хүнд өвчинд “бариулж”, олон нийтийн дэм тусанд л найдахаас өөр сонголтгүй болсон нь гунигтай. Бидний үрс, эх орны гэрэлт ирээдүй болсон хүүхдүүд хэзээ болтол хандиваар амьд үлдэх вэ…
2019 ОНД 498 ХҮН ГАДААДАД ЭМЧЛҮҮЛЭХЭД 48 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ
Манай улсад жил бүр 6000 хүн хавдартай гэж оношлогдож, 4000 хүн нас барж байна. Өөрөөр хэлбэл, бүхэл бүтэн нэг сумын хүн амаа ганцхан жилд бид хавдраар алддаг гэсэн үг. Сонсохоос ч цочирдом энэ тоо жил бүр өссөөр. Гэвч энэ мэт дийлэнх хүнд өвчнийг Монголд эмчлэх боломжгүй тул иргэд эцсийн аргаа шавхаад гадаад руу явах ганцхан сонголттой л үлдэж байна. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс хийсэн судалгаагаар, зөвхөн 2019 онд л гэхэд манай улсын 498 иргэн гадны улсад эмчилгээ хийлгэх өртөг зардал нь нийт 48 тэрбум төгрөг болжээ. Хэдэн зуун саяын үнэтэй мэс заслыг ганц гэр бүл нугална гэдэг амаргүй. Байр машинаа зарж, хамаг байдгаа шавхсан ч ийм хэмжээний мөнгийг хаанаасаа олох билээ. Ингээд л хайртай хүмүүсээ аврах гэсэн хүмүүс эцсийн найдвараа тээн “Надад туслаач…” гэх хандивын аянг горьдлого тээн эхлүүлдэг. ЭМЯ-ны мэдээллээр, гадны улсад эмчлүүлэх иргэдийн ердөө дөрөвний нэг нь нэг эх үүсвэрээс эмчилгээний зардлаа бүрдүүлдэг. Харин дийлэнх нь зээл, хандив тусламжаар эмчилгээний зардлаа олж байна.
ХАВДАР, ХҮНД ӨВЧИН… ХААНААС ЭХТЭЙ ВЭ?
Өнөөдөр Монгол улсын эрүүл мэндийн тогтолцоо гажуудсаны илрэл бол шаардлагатай судалгаа шинжилгээ тасалдсанаас төвөггүй харж болно. Өнөөдөр Монгол улс жил бүр 4000 иргэнээ хавдраар алдаж байна, юунаас үүдэв гэдгийг нарийвчлан гаргасан судалгаа төрийн аль ч байгууллагад алга. Ууж идэж байгаа хүнс үү, амьдарч байгаа орчин уу, аль эсвэл өөр хүчин зүйл байна уу? Энэ бүхнийг нарийвчлан гаргах тогтолцоо чадамж Монголд байхгүй юу гэвэл өрөөсгөл. Гэвч салбарын яам, хариуцсан байгууллагууд нь үүнд анхаарахгүй, цогцоор нь авч үзэхгүй “Нүд нь балай, чих нь дүлий суугаа нь эмгэнэлтэй.” Үндэсний хэмжээний судалгаа шинжилгээг одоо эхлүүлэхгүй бол бүр хэцүүдэх нь, оройтох нь…
БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙН 5 ХУВЬ ИРГЭДЭД НЭМЭР БОЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА
2011 онд Монгол улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтыг баталж, эмчилгээнд явах иргэдэд Эрүүл мэндийн яамнаас дэмжлэг үзүүлэх анхны эрх зүйн бичиг баримтыг баталж байжээ. Улмаар, энэ жагсаалтыг 2017 онд шинэчилсэн. Үүнд зааснаар, нийт 8 чиглэлийн 26 төрлийн өвчинг “Монголд эмчлэх боломжгүй” гэсэн жагсаалтад багтааж, нийт эмчилгээний зардлынх нь 5 хувьтай тэнцэхүйц хэмжээний мөнгийг төрөөс буюу Эрүүл мэндийн яамнаас дэмжлэг болгон олгоно” гэж заажээ. Харамсалтай нь, хоёр, гурван зуун саяын мэс засалд орох хүнд нийт төлбөрийн 5 хувь гэдэг төдийлэн нэмэр болж чадахгүй нь бодит үнэн. 100 саяын төлбөр шаардлагатай хүнд 5 саяыг нь л олгоно гэсэн үг. Тиймээс одоогийн хууль, эрх зүйн тогтолцоонд өөрчлөлт оруулж, Монголд эмчлэх боломжгүй, өндөр өртөгт эмчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох зохицуулалт хийх шаардлагатай болжээ. 2016-2018 онд нийт 104 хүн ЭМЯ-наас буцалтгүй тусламж хэлбэрээр эмчлүүлсэн зардлынхаа 5 хувийг буцаан авсан судалгаа байна. Цаашид, төрөөс жил бүр Эрүүл мэндийн сайдын багцдаа 500 сая төгрөг төсөвлөөд өнгөрдөг биш, иргэд өвдсөн үедээ даатгалынхаа үр шимийг хүртдэг тийм тогтолцоо ус агаар мэт үгүйлэгдэж байна. Сүүлийн 5 жилийн судалгаагаар, эрхтэн шилжүүлэх суулгах, зүрх судасны мэс засал, мэдрэлийн мэс заслын шалтгааны улмаас манай улсын 202 иргэн гадаад улсад эмчлүүлсэн байна. Үүнээс, 28,6 хувь нь БНСУ-д, 27,7 хувь нь БНХАУ-д, 22,8 хувь нь БНЭУ-д, бусад нь өөр улс оронд мэс засал хийлгэжээ.
Өнөөдөр Монголчууд цөхөрч байна. Хүнд өвчин хаанаас эхтэйг тогтоож, хүн амаа эрүүлжүүлэхэд онцгой анхаарах цаг болжээ. Мөн давын өмнө зайлшгүй эмчилгээ хэрэгтэй хүндээ төр даатгалаасаа мөнгө гаргаж, гар сунгадаг баймаар байна. Эмчилгээний мөнгөө бйүрдүүлж чадаагүйгээс болж, олон зуун хүүхэд эмнэлгийн орон дээр нулимс дуслуулан, аав ээж нь “амьдын хар тамд” унаж суугааг харах үнэхээр өр өмөрмөөр эмгэнэлтэй…