Орон сууцны залилангийн гэмт хэрэг их гарч байгаатай холбоотойгоор ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны мэргэжилтэн Б.Нямсүрэн сэрэмжлүүллээ.
“Залилан мэхлэх гэмт хэрэг нь ихэвчлэн эдийн засгийн харилцаанд тулгаарладаг. Сүүлийн үед цахим орчинд энэ төрлийн гэмт хэрэг цөөнгүй гарч байна. Худалдах, худалдан авах, визний залилан, олон шатлалт маркетингийн залилан, олны танил хүмүүсийн цахим залилан, хандив тусламжийнх гээд маш олон янз байна.
Ихэвчлэн боломжийн нөхцөлөөр орон сууц түрээслэх гэсэн иргэд залилангийн хохирогч болох нь түгээмэл байна. Намар хичээл сургууль эхлэх үеэр улам идэвхждэг. Гэмт этгээдүүд байршил сайтай байрыг түрээсэлж аваад, цааш бусдад түрээслүүлдэг. Ингэхдээ иргэдийг хуурч “Өөр хүн түрээслэх гээд байна. Та яаралтай урьдчилгаа мөнгөө шилжүүлчих. Тэгвэл таны байрыг өөр хүнд өгөхгүй хадгалж байя” гэх зэргээр төөрөгдүүлдэг. Ингээд иргэд байраа алдахгүйн тулд мөнгөө шилжүүлж хохирох нь түгээмэл байна. Тиймээс тухайн хүнийг баталгаатай эсэхийг сайтар шалгаж байхыг зөвлөе. Иргэд ихэвчлэн цаанаас санал болгосон таатай нөхцөлд хууртдаг. Ингээд нэг фэйсбүүк, дансны дугаар хоёртой л үлддэг. Гэтэл тухайн залилагч этгээд гудамжинд явж байсан хэн нэгнийг гуйгаад л мөнгөө шилжүүлээд авчихсан байдаг” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.