Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн дэлхийн сүлжээнд бүртгэсэн талаар БОАЖ-ийн сайд Б.Бат-Эрдэнэ мэдээллээ. Тэрбээр “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар олон улсад данстай боллоо. 1,7 сая га газрыг хамрууллаа. Энэ асуудлыг Парис хотод зохион байгуулж буй UNESCO Хүн ба шим мандалын хөтөлбөрийн олон улсын зохицуулах зөвлөлийн 34-р хуралдаанаас гаргалаа” гэжээ.
Хөвсгөл нуур нь дэлхийн цэвэр усны нөөцийн 1 хувь, Монгол орны цэнгэг усны нөөцийн 70 хувийг дангаараа бүрдүүлдэг, экологийн онцгой ач холбогдолтой бүс юм. Сүүлийн жилүүдэд нуурын бохирдол ихэсч, эко системд сөрөг нөлөөлөл гарах болсон. Тиймээс нуур, нуур орчмын байгалийг хамгаалахаар ийнхүү ЮНЕСКО-д хандсан нь амжилттай болжээ.
Төрөөс Хөвсгөл нуурыг түшиглэн бүс нутгийн аялал жуулчлал хөгжүүлэхээр зорьж байна. Гэвч үүнийг дагаад нуурын эко системд аюул учрах эрсдэл олон байгаа юм. Тиймээс байгальд халгүй аялал жуулчлал хөгжүүлэх асуудал чухлаар хөндөгдөж байна.
Манай өрөг.мн сайтын редакц 2020 онд Хөвсгөл нуур хамгаалах асуудлыг хөндөж, цуврал нийтлэл, сурвалжилга бэлтгэн хүргэж байсан юм.