Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар эрчим хүчний чиглэлээр хэрэгжих төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар танилцуулга хийснээ Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцууллаа.
Тэрбээр "Эрдэнэбүрэнгийн УЦС-ын нөлөөлөлд 271 өрхийн 1,210 иргэн автаж байгаа. Одоо байгаа эрх зүйн зохицуулалтаар хохирлыг барагдуулахдаа зөвхөн үндсэн хөрөнгөд нөхөн олговор олгож байгаа. Энэ нь хөдөө амьдарч байгаа малчдад тохирохгүй байгаа. Малчдын хувьд газар мал аж ахуй, газар тариалан эрхэлж байгаа тул үндсэн хөрөнгө бага байдаг юм байна. Тиймээс нөхөн олговор нь үнэхээр шинээр ажил амьдралаа эхлэхэд хангалтгүй гэж үзсэн тул биет бус нөлөөллийн нөхөн олговрыг олгохоор санал гаргасныг Засгийн газар дэмжсэн. Энэ дагуу нэг иргэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 36 сараар олгох буюу нэг хүнд 15.1 сая төгрөг оногдож байгаа" гэлээ.
90МВт-аар төлөвлөгдөж байгаа уг УЦС нь баруун таван аймагт Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг сангийн хөрөнгөөр баригдаж буй 40MBт-ын нар, салхины хувьсамтгай эх үүсвэртэй хослон ажиллаж, горим тохируулгын үүрэг гүйцэтгэн тухайн бүс нутгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг 2027 оноос эхлэн 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ хэмээн тооцож буй.