Нэг сая төгрөгөөс доош цалин хөлс, орлоготой Нийгмийн Даатгалын Шимтгэл /НДШ/ төлөгч өөрөө төлсөн хэсгийн 50 хувийн буцаалтыг олгох шийдвэрийг төрөөс гаргасан. Энэ талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэдээллээ.
Энэ талаар тэрбээр "Тухайн сарын буцаан олголтыг яагаад дараа сарын 25-наас олгох болсон бэ гэхээр нэгдүгээрт тайлан тооцоонууд баталгаажиж байж иргэний мэдээлэл ирдэг. Ийм учраас тавдугаар сарын нэг сая төгрөгөөс доош цалин хөлс, орлогоос тооцсон иргэн өөрөө төлсөн НДШ-ийн 50%-ийн буцаалтыг зургаадугаар сарын 25-ны өдөр болон түүнээс хойш иргэдийн дансанд шилжүүлнэ.
Эхний ээлжид 400 мянга орчим иргэн нэг сая ба түүнээс доош төгрөгийн цалин хөлс, орлоготой гэсэн тооцоо гарч байна. Эдгээрээс 80,000 нь сайн дураараа НДШ төлдөг. Үлдсэн 320 мянган иргэн ААН, байгууллагад албан журмын даатгалаа төлдөг байна.
Тухайн байгууллагын шимтгэл төлөлт байгууллагын дансаараа ороод ирдэг. Харин ажилтан болон сайн дураараа НДШ төлөгчдийн дансны мэдээллийг авах томоохон ажил хийгдэнэ. Эхний сард буцаан олголт буруу дансанд орох, буцаагдах асуудал гарч магадгүй. Гэхдээ төрд байгаа мэдээллүүдийг ашиглан иргэдийн дансыг авч, хүндрэл чирэгдэлгүйгээр буцаан олголтыг өгөхөөр ажиллаж байна" гэв.