“Монголын эрийн гурван наадам – Их шүтээн” ТББ, “Биг блью фловер” аяллын компанитай хамтран “Дэлхийн морьтнууд” төслийг хэрэгжүүлжээ. Тус компанийн захирал Д.Цэцгээ, “Монголын эрийн гурван наадам – Их шүтээн” ТББ-ын тэргүүн Ю.Үнэнбүрэн нар дараах мэдээллээ.
Энэ талаар "Монгол адууг хол нутагт худалдахад буцаад нутаг руугаа гүйчихдэг тухай аман яриа бий. Бид үүнийг дүрс бичлэгээр дамжуулан батлахыг хүссэн юм. Иймд хоёр морь сонгоод тэд нутаг руугаа гүйх нь үү гэдгийг мэдэхээр холоос машинтай дагалаа. Бид 2020 оноос гүйдэг морины талаар судалж, малчидтай уулзан, ийм түүх олныг сонссон.
Хээр морийг эзэн нь "Би гүйлгэхэд бэлэн. Та бүхний төсөлд тус нэмэр болъё" гэж өгсөн. Ингээд бид Говь-Алтай аймгийн Баян-Уул сумаас ачаад тус аймгийн Дэлгэрийн тал, Баянхонгор аймгийн Бууцагаан, болон Өвөрхангай аймагт тавьж туршлаа. Тэгтэл хаана ч тавьсан, зүүн тал руу өдөрт 30-40 км гүйж байв. Гурав хоногт 180 км зам туулсан. Үүний дараа нутаг руугаа гүйх нь тодорхой боллоо гээд Өвөрхангай аймагт хээр болон хүрэн морио тав хоног ижилсүүлсэн. Өвөрхангайд тавдугаар сард энэ төслийг эхлүүлсэн юм. Хазаарыг нь мултлахад хоёр морь маань шууд зүүн тийш Онгийн голыг гатлаад гүйсэн.
Эхний 2-3 өдрийн дараа морьд зогсох болов уу гэж бодтол тэгээгүй. Морьд өөрсдөө Эрдэнэлалай сумын араар, Дэлгэрцогтын хажуугаар гараад Баянцагаан руу явсан. Зуншлага сайтай газруудыг сонгон, газрын чигээ алдалгүй явсан. Монгол адуу гайхамшигтай амьтан, байгалийн бүтээл байдаг юм байна. Бид монгол адуугаа алдаршуулалгүй иржээ. Монголчууд адуу гүйдэг гэж мэддэг ч гаднынханд энэ талаар ярихаар үүнд итгэдэггүй, та худлаа ярьж байна гэдэг. Тэнд адуу гүйх тухай ойлголт байхгүй.
Хээр болон хүрэн морио нэртэй болгохын тулд иргэдийн саналаар Голомт, Гал гэсэн нэр хайрлалаа. Эдгээр морьд замаа амжилттай дуусгалаа. Замд 100-аад удаа азаргатай адуу таарсан. Азарга хээр гүйж буй адуунд огт саад болдоггүй юм байна. Уг нь азарга сүрэгтээ өөр морь нийлүүлдэггүй, шууд хөөдөг. Мөн замд нэг удаа бор морь таарч, 30 минут хамт байснаа манай хоёр морийг төмөр замын гарам хүртэл хүргэж өгөөд буцсан. Бид адууны хэлний талаар юу ч мэддэггүй юм байна. Замд олон удаа нүднээс нулимс гарахаар үйл явдал тохиолдсон.
Хээр морь маань 500 км яваад төмөр тах нь эвдэрч, бритва шиг болдог юм байна. Иймд морь доголсон, гурван хөлөөрөө явж байхад нь нутгийн сайхан залуус таарч, тах хийж өгсөн. Ингээд 15 хоног яваад нутагтаа ирээд их тайвширсан. Нутагтаа ирэнгүүтээ амар амгалангийн оронд ирсэн мэт удаан унтсан. Эзэд нь ч морьдоо сайхан хүлээж авсан. Гал хүрэн морио Амаржаргалын адуунд үлдээх шийдвэр гаргасан. Энэ морь уурга үздэггүй, зугтдаг юм билээ. Хээр морио эрж хоёр хоног явсан.
Монгол адуу зэрлэг амьтдаас өөрийгөө хамгаалах чадвартай. Монгол морьдыг маш их эрлийзжүүлж байгаад санаа зовдог. Бид морьдод GPS зүүлгэсэн байв. Хүрэн морь 1200, хээр морь 900 орчим км зам туулсан. Морьдын өдөр бүрийн замын түүхийг 20 хоногийн турш бичиж баримтжуулснаа кино болгоно. Монгол адуу жүчээний морьдоос илүү тэсвэр тэвчээртэй гэдгийг бид туршилтаараа баталлаа" гэв.