Lady Liberty буюу бидний мэдэх “Эрх чөлөөний хөшөө”-г дуурайн хувцасласан Камбож гаралтай Америкийн идэвхтэн эмэгтэй эх орноосоо урвасан хэргээр зургаан жилийн хорих ял авчээ.
Терри Сенг бол сөрөг хүчний удирдагч Сэм Рэйнсиг цөллөгөөс чөлөөлөх жагсаалд оролцсон хэргээр шүүгдэж буй 60 шүүгдэгчийн нэг. Тэрбээр шүүх хуралд ирэхдээ алдарт Эрх чөлөөний хөшөө-г дуурайн биеэ ногооноор будан, титэм зүүн гартаа хиймэл бамбар барин иржээ. Тэрбээр "Би өөрийн мөн чанар, эрх чөлөө, шударга ёсны төлөөх итгэл үнэмшлээрээ амьдрахын тулд шоронд суух ялаар “төлбөр”-өө төлөхөд бэлэн байна" гэж сэтгүүлчдэд хэлжээ.
Хуульч мэргэжилтэй Терри Сенг өмнө нь шүүх хуралдаандаа сэдэвчилсэн хувцас өмсөж ирж байсан аж. "Улс төрийн сөрөг хүчний гишүүдийн эсрэг явуулж буй олон нийтийн шүүх ажиллагаа нь Ерөнхий сайд Хун Сенийн засаглалыг эсэргүүцэх аливаа сонгуулийн сорилтоос урьдчилан сэргийлэх зорилготой боловч Камбожийн ардчилал үхсэний бэлгэдэл болж байна" гэж Хүний эрхийн байгууллагын Ази хариуцсан дэд захирал Фил Робертсон дүгнэжээ. Камбожийн Ерөнхий сайд асан Хун Сен нь 1985 оноос хойш засгийн эрхийг барьсан. Хамгийн урт хугацаагаар Ерөнхий сайдын албыг хашсан улс төрчдийн нэг юм.
Зарим улс төр судлаачид түүнийг хүний эрхийн мэдрэмж тааруу, улс төрийн аливаа бодит сорилтыг таслан зогсоох нөөц бололцоотой авторитар хүн гэж дүгнэх нь бий. Түүний гол сөрөг хүчин нь Камбожийн Үндэсний аврах нам (CNRP) Хун Сенийн гол өрсөлдөгч байсаар ирсэн Рэйнси уг намыг тэргүүлдэг.
2019 онд Камбожийн Үндэсний аврах нам сөрөг хүчнийг дарах ажиллагааны хүрээнд татан буугдсан бол Рэйнси Парис руу “цөлөгджээ”. Тэрбээр 2019 онд Камбож руу буцахыг оролдсон боловч Парисаас нисэх онгоцонд бүртгүүлэхийг хориглосон гэж мэдэгдсэнээр өөрийгөө эх орондоо буцаж очих эрхгүйгээр цөлөгдсөнөө мэдсэн гэдэг. Рэйнси уг цөллөгийн эсрэг шүүхдэлцэж байгаа бөгөөд үүнийг дэмжигчид нь бүгд улс төрийн зорилготой гэж үзэж байгаа аж.
Эх сурвалж: BBC News