Амазон Хятад дахь Kindle номын дэлгүүрээ хааж буйгаа албан ёсоор зарлалаа. Тус компани 2023 оны 7-р сараас эхлэн Kindle хэрэглэгчид тус улсаас онлайн ном худалдаж авах боломжгүй болно гэж мэдэгдлээ.
Одоогийн хэрэглэгчид 2024 оны 6-р сар хүртэл өмнө нь худалдаж авсан бүтээлээ татаж авах боломжтой. Amazon (AMZN) ирэх пүрэв гарагаас эхлэн жижиглэн худалдаалагчдад Kindle төхөөрөмж нийлүүлэхээ зогсооно гэдгээ мөн мэдэгдэлдээ дурджээ.
Өнгөрсөн долоо хоногт Airbnb (ABNB) тус улс дахь бүх жагсаалтаа цуцалж, оронд нь гадагшаа аялагчдад анхаарлаа төвлөрүүлэхээр болсноо мэдэгдээд, Ковид-19-ийн улмаас зардал нь улам нэмэгдсэн учир ийм шийдвэр гаргасан гэж мэдэгдэж байв. Тиймээс энэ зунаас эхлэн жуулчид Airbnb (ABNB)-аар дамжуулан Хятадад захиалга өгөх боломжгүй болжээ.
Өнгөрсөн 10-р сард LinkedIn Хятад дахь платформынхоо орон нутгийн хувилбарыг хаах болно гэж мэдэгдсэн бөгөөд үүнд "илүү төвөгтэй үйл ажиллагааны орчин" болон дагаж мөрдөх саад бэрхшээлүүд ихэссэн нь нөлөөлсөн гэсэн тайлбар өгсөн.
Амазон анх 2004 онд эх газрын Хятадад нэвтэрч, тус улсад ном, хөгжим, видеоны онлайн худалдаа эрхэлдэг томоохон компани болох Joyo.com-ыг худалдаж авсан. Харин 2019 онд тус компани Хятад дахь орон нутгийн онлайн зах зээлээ хаасан нь үйлчлүүлэгчид Хятадын борлуулагчдаас бараа худалдаж авах боломжгүй болгожээ. Компани яагаад ийм шийдвэр гаргаснаа олон нийтэд тайлбарлаагүй ч шинжээчид Alibaba (BABA) болон JD.com (JD) зэрэг тоглогчид тэргүүтэй дотоодын өрсөлдөөнийг орхихоос өөр аргагүйд хүрсэндээ ингэсэн гэж дүгнэсэн байдаг.
Амазон Kndle-ийн дэлгүүрээ хаах ч гэлээ Хятадад "гадаадад" худалдан авалт хийх боломжтой онлайн дэлгүүрээ ажиллуулсаар байгаа” гэдгээ онцолжээ.
Эх сурвалж: CNN News