Сүхбаатар дүүргийн IV хорооны нутаг дэвсгэр дэх 1957 онд баригдсан, “Худаг Усны-36”, 1961 онд баригдсан “Дулааны-18” айлын орон сууцны дахин төлөвлөлт өнөөг хүртэл удааширсанд иргэд бухимдалтай байна. Иймд “Асиан Сити” ХХК болон 36, 18 дугаар байрны иргэд өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
“Асиан Сити” ХХК-ийн хуулийн зөвлөх Т.Баасанжаргал "Манай компани эдгээр орон сууцны дахин төлөвлөлтийг эхлүүлээд явж байна. 2021 оны есдүгээр сарын наймны өдрийн газар хөдлөлтөөс үүдэн “Худаг Усны-36” барилгын хоёрдугаар давхрын тааз, гуравдугаар давхрын шал нурсан. Айлын хана цуурсан. Энэ байдлаас үүдэн ашиглалтын шаардлага хангахаа больсон барилгуудыг дахин төлөвлөх хэрэгтэй болсон.
Ингээд сонгон шалгаруулалт зарлаад, манай компани шалгарсан юм. Бид эдийн засгийн үр өгөөжийг тооцсоны үндсэн дээр 48:18 харьцаатай “Худаг Усны-36” гэх гурван давхар барилгыг буулгаад оронд нь 16 давхар барилга барих нь зүйтэй гэж шийдсэн. Нийслэлээс ч зөвшөөрсөн. Учир нь бид өмнөх оршин суугчдад дахин төлөвлөлтийн барилгаасаа нэмэлт талбай өгч, тэдний хоёр жилийн түрээсийн зардалд сар бүр 40-50 сая төгрөг төлдөг. Эдгээр зардлыг нөхөхийн тулд ингэж шийдсэн.
Гэвч бидэн рүү дайрч, гүтгэж, цаашлаад замын хөдөлгөөнийг хааж, уриа лоозон барьж дарамталж буй нь хэрээс хэтэрсэн тул бид энэ хэвлэлийн хурлыг хийж байна. Угтаа дахин төлөвлөлт гэдэг төрөөс явуулдаг сайн бодлогуудын нэг. Хэрэв энд дахин төлөвлөлт явагдаагүй бол 60 гаруй өрх гудамжинд гарах байсан. Компанийн нэр хүндэд ч сөргөөр нөлөөлж байна" гэв.
“Дулааны-18” байрны гурван тоотын оршин суугч Г.Даваахүү "Сүүлийн арав гаруй жил дахин төлөвлөлт яригдсан ч шалгарсан дөрөв таван компаниас аль нь ч төслөө хэрэгжүүлж чадаагүй. Харин “Асиан Сити” компани өнгөрсөн 11 дүгээр сараас ажиллаж эхлээд одоо аравдугаар давхар хүртэл барилгаа цутгасан. Богино хугацаанд сайн гүйцэтгэлтэй ажиллаж байна. Бид шинэ байрандаа ая тухтай амьдрах хүсэлтэй. Иймд энэ компанийг эсэргүүцээд, үгүйсгээд, харлуулаад байх шаардлагагүй" гэлээ.
“Дулааны-18” байрны 12 дугаар тоотын оршин суугч Д.Цогтбаяр "Засаг даргаас зөвшөөрөл нь гарсан, зураг төсөл нь гарчихсан байраа бариулахын төлөө л бид явж байна. Ямар нэг ашиг сонирхлын зөрчил байхгүй. Энэ байрны дахин төлөвлөлтийг хүлээж байгаад бурхан болчихсон хүмүүс ч бий, энд ирээд үзэл бодлоо илэрхийлж чадахгүй байгаа хэвтрийн хөгшчүүл ч манай байранд бий" гэв.