Шри-Ланка урьд өмнө хэзээ ч байгаагүй эдийн засгийн хямралд өртөж, шатахуун хүнсний хомсдолд орсон тул Оросоос газрын тос нэмж худалдаж авахаас өөр аргагүйд хүрч магадгүй гэж Шри Ланкын Ерөнхий сайд Ранил Викрмесингхе мэдэгдэв. Ерөнхий сайд Ранил Викремесингхе өнгөрсөн бямба гаригт Associated Press агентлагт өгсөн ярилцлагадаа эхлээд өөр эх сурвалжийг хайх болно, гэхдээ Москвагаас илүү их түүхий нефть худалдаж авах асуудалд нээлттэй хандах болно гэжээ.
Тус улс сүүлийн 70 жилийн хугацаанд тохиолдсон хамгийн хүнд санхүүгийн хямралтайгаа нүүр тулаад байна. Хүнс, шатахуун, эм тариа зэрэг импортын барааныхаа төлбөрийг төлөхөд шаардлагатай валютын гачигдалд ороод буй.
Улс даяарх шатахуун түгээх станцуудын ойролцоох урт дараалал нь заримдаа километрийн урттай байх нь нийтлэг үзэгдэл болжээ.
Вашингтон болон түүний холбоотнууд Москвагийн дайныг санхүүжүүлж буй санхүүгийн урсгалыг багасгахыг хичээж байхад Орос түүхий нефтээ маш хямд үнээр санал болгож байгаа нь хэд хэдэн орны сонирхлыг татаж эхэлжээ.
Шри-Ланкийн Сангийн сайдаар ажилладаг Викрмесингхе "Өр нь нэмэгдсээр байгаа хэдий ч Хятадаас илүү их санхүүгийн тусламж авах хүсэлтэй байгаагаа” илэрхийлэв. Шри-Ланкийн өнөөгийн хүндрэлийг Украин дахь дайн улам бүр дордуулж байгаа гээд хүнсний хомсдол 2024 он хүртэл үргэлжилж магадгүй хэмээн эмээж байгаагаа ч хэлжээ. Шри Ланкийн Ерөнхий сайд Ранил Викрмесингхийн хэлснээр Орос улс Шри Ланкад улаан буудай санал болгосон гэнэ.
Шри Ланка мөн Ойрхи Дорнод дахь уламжлалт ханган нийлүүлэгчдээсээ газрын тос, нүүрс авахыг хичээж байгаа аж.
Эх сурвалж: CNN News