Монгол Хятадын хилийн нөхцөл байдлын талаар ГХЯ-аас мэдээллээ.
Энэ талаар ГХЯ-ны хилийн хэлтсийн дарга Д.Болд “Зургаадугаар сарын 2-нд БНХАУ-ын талд коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэн. 2-нд авто замын боомтоор чингэлэг орж ирээгүй. 3-нд БНХАУ-ын луут завины баярын өдөр тохиосон учир Замын-үүд Эрээн боомт амарсан. 4-нөөс эхлээд бид БНХАУ-ын талтай бүх түвшинд харилцан ажилласны дүнд боомтын үйл ажиллагааг тасруулахгүйгээр явуулах үйл ажиллагааг зохион байгууллаа. 4-8-ны хооронд өдөрт дунджаар 30-40 чингэлэг ирсэн. Энэ сарын 9-ны өдрөөс эхлэн эргээд хэвийн байдалдаа орж байна. Зургаадугаар сарын 9-ны өдрөөс эхлэн өдөрт дунджаар 75 чингэлэг орж ирж байна.
Нарийн ногоо тээвэрлэсэн эхний 15 чингэлэг энэ сарын 11-нд хотод ирсэн. Цаашдаа боомтын үйл ажиллагааг тогтворжоод явах болов уу гэсэн найдлага тавиад ажиллаж байна” гэлээ. Эрээн хотод өнөөдөр өглөөний байдлаар 456 тохиолдол бүртгэгдсэн байна. 456 тохиолдлоос шинж тэмдэггүй 240 тохиолдол бүртгэгдсэн талаар эрээн хотын шуурхай штабын албан ёсны мэдээлэл гаргажээ. Шинэ голомт үүсээгүй. Тусгаарлалтад байгаа иргэдээс шууд болон дам хавьтал гэж мэдээлсэн байна. Сүүлийн гурав хоногийн хугацаанд шинээр голомт үүсээгүй учраас Эрээн хотын цар тахлын нөхцөл байдлыг хумигдаж байна гэж харж байна гэдгийг холбогдох мэргэжилтэн хэлсэн юм.
Үргэлжлүүлэн тэрбээр “Тяньжинд гуравдагч улсаас ирж байгаа импортын чингэлэг тээвэр үндсэндээ Хятадын төмөр замаар Тяньжин далайн боомтоор дамжин ирдэг. Тавдугаар сарын эхэн үеийн байдлаар 7000 гаруй чингэлэг бөөгнөрсөн байна гэсэн мэдээллийг төмөр замын байгууллага өгсөн. Тавдугаар сарын 1-ээс Хятадын төмөр замын байгууллагатай манай байгууллагын зүгээс ярьсны үр дүнд өнөөдрийг хүртэл хугацаанд Тяньжинаас эхлэлтэй галт тэргийг өдөрж дунджаар гурван галт тэрэг болгон нэмэгдүүлсэн. Тэгэхээр өдөрт гурван галт тэрэг орж ирж байна гэдэг нь дунджаар 150-160 чингэлэг ирж байна” гэж хэллээ.