АНУ цаашид агаарын тээврийн зорчигчдоос тус улсад нэвтрэхээсээ өмнө Ковид-19 шинжилгээ сөрөг гарсан шинжилгээний бичиг шаардахгүй болжээ.
Албаны хүмүүс тус улс коронавирусын эсрэг тэмцэлд "асар их ахиц дэвшил гаргасан" учраас уг шаардлагыг цуцалж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Уг шийдвэр энэ сарын 12 буюу ням гарагаас хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм.
Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC)-өөс 90 хоногийн дараа уг шийдвэрийг үр дүнг дахин үнэлэх аж. Хэрэв энэ шийдвэр буруу буюу алдаатай болжээ гэж үзсэн тохиолдолд дүрмийг сэргээхийн тулд "өөр арга хэмжээ авах болно" гэж мэдэгдэв.
"Коронавирусын эсрэг тэмцэлд асар их ахиц дэвшил гаргасны үр дүнд бид энэ алхамыг хийх боломжтой болсон.Бид аврах вакцин, эмчилгээг өргөнөөр ашиглах боломжтой болгосон бөгөөд эдгээр хэрэгслүүд нь ноцтой өвчин, үхэлээс урьдчилан сэргийлэхийн тулд ажиллаж байна” гэж Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн өндөр албан тушаалтан сэтгүүлчдэд хэлжээ.
АНУ 2021 оны 1-р сард агаарын зорчигчдыг нислэгээс хойш гурав хоногийн дотор Ковид-19-ийн шинжилгээний хариу нь сөрөг байх, эсвэл эдгэрсэн тухай нотлох баримт бүрдүүлэх журмыг хэрэгжүүлж эхэлсэн юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 12-р сард омикрон хувилбар нь вирусын тохиолдлыг нэмэгдүүлэхэд хүргэсэн учир хилээр нэвтрэгсдэд тавих шаардлагаа чангатгасан билээ.
Тус улсад Ковидийн тохиолдлын тоо нэгдүгээр сараас хойш огцом буурч байгаа ч сүүлийн хэдэн долоо хоногт дахин нэмэгдэж эхэлсэн. Вакцинжуулалтын хөтөлбөрийн нөлөөгөөр нас баралт тахлын оргил үетэй харьцуулахад хамаагүй бага хэвээр байгаа аж.
Их Британи гуравдугаар сард Канадын нэгэн адил аялал жуулчлалын Ковид-19 тестийн бүх шаардлагаа цуцалсан бол Итали энэ сард Ковид-19-ийн шинжилгээний сөрөг хариу шаардлахаа больсон юм.
АНУ-ын Аялал жуулчлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч Рожер Доу бодлогын өөрчлөлт нь "АНУ-ын аялал жуулчлалын салбарын сэргэлтийг хурдасгах болно" гэж мэдэгдсэн бол Олон улсын агаарын тээврийн холбоо "үр дүнгүй" арга хэмжээг цуцалж байгаа нь "сайн мэдээ" гэж мэдэгдэж байв.
"Virgin Atlantic" агаарын тээврийн компани ч энэхүү алхамыг сайшааж, "Хэрэглэгчийн итгэлийг улам нэмэгдүүлж, энэ зун Атлантын далайг дамнасан аялалын сэргэлтийг дэмжинэ" гэлээ.
Эх сурвалж: BBC news