Ажил үүргээ гүйцэтгэж явсан сэтгүүлчийн биед цагдаагийн албан хаагч халдаж, тоног төхөөрөмжийг нь эвдсэн тухай сэтгүүлч Н.Гэрэлмаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн. Уг асуудлаар сэтгүүлчид мэдээллээ.
Сэтгүүлч Н.Гэрэлмаа, “Өчигдөр хэнтэй ч холбогдож чадаагүй. Бүх зүйлээ хураалгаад, ямар нь хүнтэй холбогдох боломжгүй маш хүнд байдалд орсон. Эмнэлгийн тусламж авъя, өмгөөлөгч авъя гэсэн ч утсыг минь хурааж аваад, Зайсангаас баривчлаад, цагдаагийн газарт авч ирсэн. Би тэнд мэдээллийг шууд дамжуулахаар ажил үүргээ гүйцэтгэж явсан. Цагдаагийн албан хаагч “Наадхаа унтраа, үгүй бол ална шүү” гэж дарамталж хандсан. Шууд камер, модем булааж авсан. Камер, микрофон, утсыг маань маш олон цагдаа нар бие бие рүүгээ шидэж, дамжуулаад огт өгөхгүй байсан. Утас булааж аваад, бүх лайв хийсэн бичлэг, баримт мэдээллийг устгасан.
Намайг хүнгүй газар аваачиж 10 гаруй удаа биед халдсан. Миний амыг гараараа таглаж “Чи хашхир, уйл. Хэн ч чамайг сонсохгүй” гэсэн. Зургаан цагийн турш надад эмнэлгийн тусламж үзүүлээгүй, хэнтэй ч утсаар яриулаагүй. Намайг ийм хүнд байдалд оруулсанд маш их гомдолтой байна” гэлээ.
Сэтгүүлч Ч.Лодойсамбуу, “Аль ч орны сэтгүүлч цагдаа адилхан эрх эдэлдэг. Тэгж байж энэ хуульт нийгэм, шударга ёс нь тогтож, шударга ёсных нь дархлаа бүрдэж байдаг. Хэвлэл мэдээлэл нь эрхээ эдэлж чадахгүй бол цаашдаа ямар ч эрх үлдэхгүй. Онцгой эрхтэй, онцгой үүрэгтэй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зарчмын дагуу ажилладаг сэтгүүлзүйн салбар, хэвлэл мэдээллийн байгууллага ажиллаж чадахгүйд хүрвэл энгийн ямар ч иргэн, хувь хүн, албан байгууллага, энэ улсад байдаг бүх эрх, эрх чөлөө хумигдана.
Сэтгүүлчийг нүднээс далд эрүүдэн шүүсэн, биед халдсан хэрэг удаа дараа болж байна. Удирдлага зохион байгуулалт болохгүй байна. Одоо ямар ч бичиг аваад нэмэргүй. Яагаад гэвэл энэ байдал арилахгүй” гэв.
Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү, “Цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн асуудал гарсан. Машин тэргээрээ түрсэн, согтуу байсан. Энэ хүмүүсийг холбогдох цагдаагийн хэлтсээс зөрчлийг шалган, таслан зогсоож, шалгалтын ажиллагаа явуулсан. Хамгаалалтад ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчийг амь нас, эрүүл мэндэд аюултай аргаар машинаар түрсэн.
Хэд хэдэн хэвлэлийн байгууллага тэнд очсон. Маргаантай асуудал гарсан. Цагдаагийн албан хаагчид албан үүргээ гүйцэтгэж байхад хоёр талын байр суурийн маргаан гарсан. Парламент телевизийн сэтгүүлч Н.Гэрэлмаа гэмтлээ гэдэг асуудал үүссэн. Өнөөдөр сэтгүүлч Н.Гэрэлмаа цахим хуудастаа нэлээн зүйлсийг бичсэн байна. Энэ асуудалд цагдаагийн ерөнхий газрын удирдлага өчигдөр оройноос эхлэн холбогдох үүрэг даалгавруудыг өгч, сэтгүүлчийн биед гэмтэл учруулсан байж болзошгүй хэмээн энэ үйлдэл дээр нь дүүрэг дэх цагдаагийн хэсгийн мөрдөн байцаах тасагт гомдол, мэдээлэл бүртгээд, шалгалтын ажиллагаа хийгдэж байгаа. Дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс сэтгүүлчээс тайлбар, мэдээлэл авч байгаа. Гэмтлийн зэргийг нь тогтоолгох, холбогдох эрүүгийн хэргийн шийдвэрлэх ажиллагаа, процессын ажиллагаа явагдана. Цагдаагийн алба хаагчтай холбоотой ёс зүйгүй харилцсан, сэтгүүлчийн эрх чөлөөнд халдсан эсэх, авч явахдаа сэтгүүлчийн бичсэнээр маш ноцтой зүйлс байна. Үүнд цагдаагийн ерөнхий газраас албан шалгалт хийхээр шийдвэрлэсэн. Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт аюулгүй байдлын газраас шалгагч гаргаж, бүх асуудалд шалгаж байгаа. Цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерын бичлэг, холбогдох бичлэгүүд байгаа. Одоо энд хэн нэгний гэм буруугийн асуудлыг ярих боломжгүй. Сэтгүүлчийн гомдолтой холбоотой асуудлыг мөрдөн байцаах шатанд дүүрэг дээр шалгаж байна.
Бид тэнд нийгмийн дэг журмыг зөрчилдүүлэхгүй байх үүрэгтэй. Нийгмийн дэг журмыг зөрчихгүй байхыг шаардаж байгаа цагдаагийн албан хаагчийн шаардлагыг эсэргүүцээд, хориглосон цэг рүү нь орох гээд байгаа нь маргаан дагуулж байна. Бид ойлголцоод ажиллах хэрэгтэй. Сэтгүүлчид анх удаагаа ийм зүйл дээр очиж байгаа биш. Орж болохгүй гээд байхад л орно, ярина гэдэг. Ингээд цагдаа, сэтгүүлч, иргэдийн хооронд тааламжгүй дүр зураг харагдаад, олон нийтэд буруу ойлгогддог. Би сэтгүүлч та бүхнээс хүсэж байна. Бид цаашдаа хамтарч ажиллах хэрэгтэй” гэсэн юм.