УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдрийн чуулганы үеэр Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал болон гадаад өрийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрээр, “Монгол улсын сүүлийн арван жилийн байдлаар ДНБ 12-13 тэрбум долларт хэлбэлзэж байна. Нэг иргэнд оногдох ДНБ ойролцоогоор 3900-4200 долларын хооронд өсөж буурдаг. Гурван хүний нэг нь ядуу. Арван жилийн өмнө ойролцоогоор 850 мянган хүн ядуу байсан бол өнөөдөр 1150 мянган хүн ядуу болсон. Хүн ам өсөхийн хэрээр ядуу иргэдийн тоо нэмэгдэж байна. Үүнд нөлөөлж байгаа шалтгаан нь Монгол улс гурвалсан хямралд өртөөд байна. 2020 онд эдийн засаг 5.3 хувиар агшсан. 2021 онд бараа бүтээгдэхүүн, уул уурхайн үнэ өссөнтэй холбоотойгоор 1.4 хувиар өссөн. Гэхдээ 5.3 хувиа нөхөж чадаагүй. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар эдийн засаг 3.8 хувиар агшаад байна. Маш муу үзүүлэлт. Оны эцэст хэдэн хувь гарах вэ. Дэлхийд хамгийн агшсан эдийн засагтай орон болж магадгүй болж байна. Инфляц 15 хувьд хүрсэн. Сая дампуурлаа зарласан Шри-ланка улсын дараа орж байна. Энэ нь гэвэл эрх баригчид инфляцаар хулгайлж байна гэсэн үг. Гадаад өр ойролцоогоор 34 тэрбум доллар буюу 106 их наяд төгрөг. Монгол улсын эдийн засаг 40 их наяд төгрөг. Түүнээс 2.5 дахин их гадаад өртэй. Үүнд нөлөөлж буй гол хүчин зүйл нь төрийн өмчийн болон орон нутгийн өмчит компани. Ойролцоогоор 32 их наяд төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй. 40 их наяд төгрөгийн өртэй.
Цүнх баригчдыг удирдлагад томилдог. “Иддэг”. Гадаад өр үүнтэй холбоотой” гэлээ.