Боксчин Симисо Бутелези Өмнөд Африкийн Дурбан хотод болсон тулааны төгсгөлд нас баржээ. Энэ жил 24 нас хүрсэн Бутелези зургаадугаар сарын 5-нд болсон тулааны төгсгөлд ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн болохыг Өмнөд Африк Боксын холбоо (BSA) баталжээ.
Боксчин Симисо Бутелези тархины гэмтлээс үүдэлтэйгээр дотуур цус алдаж, улмаар эмнэлэгт нас барсан нь тогтоогдсон гэж Өмнөд Африкийн боксын холбооны мэдэгдэлд дурджээ.
Өмнөд Африкийн боксын холбооны зүгээс хийсэн мэдэгдэлдээ "Гэмтлийн талаар бие даасан эмнэлгийн үзлэг хийж, дараа нь эрүүл мэндийн үзлэгийн үр дүнг олон нийтэд мэдээлэх болно" гэжээ.
Судалгаанаас харахад тархины гэмтэл нь мэргэжлийн болон сонирхогчдын боксчдын дунд түгээмэл тохиолддог гэмтэл аж. Дэлхийн эрүүл мэндийн нийгэмлэгээс 2020 онд гаргасан мэдэгдэлдээ "Бокс нь бусад спортоос чанарын хувьд ялгаатай бөгөөд гэмтэл бэртлээс нь энэ спортыг хориглох ёстой" гэж мэдэгдэж байв.
Эх сурвалж: CNN News