УИХ-ын гишүүд үндсэн үүргээ мартдаг, хийрхэж цэцэрхдэг нь хэрээс хэтэрлээ. Тэд улсын төсвөөс мөнгө “сааж” л байвал юунд зарцуулах нь огт падлийгүй бололтой. Үүнийг ч Завхан аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Баярсайханы үг, үйлдэл энэ удаад харуулав. Тэрбээр УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хорт хавдрын асуудал хэлэлцэх үеэр “Завхан аймгийн төрийн албан хаагчдад зориулж, 70,80-хан сая төгрөг батлаад өгчих гэдэг хүсэлт хүргүүлээд удлаа. Шийдэж өгөхгүй байна. Төрийн албан хаагчид эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөний талаар багш урьж, сургалт авмаар байна” хэмээн Эрүүл мэндийн сайд руу даналзав. Товчхондоо, төрийн албан хаагчдыг төсвийн мөнгөөр тураамаар байна” хэмээн уурссан нь цагаа олсонгүй, байгаа оносонгүй.
ЭРХЭЛСЭН АЖЛЫН ЭРЭМБЭ ДАРААЛЛАА МЭДДЭГГҮЙ ТӨРИЙН ТҮШЭЭ
Өнөөдөр цар тахлын нөлөөгөөр эдийн засаг дордож, үнийн өсөлт "тэнгэрт хадлаа". Үнийн өсөлтийг хязгаарлах, иргэдийн амьдралд дэм болохуйц шийдвэр гаргаж өгөхийг эрх баригчдаас иргэд хүсэж байна. Гэтэл 70 сая төгрөгийг бага мөнгө хэмээн уураа гаргаж суух нь Б.Баярсайхан гэдэг хүний ямархан төрийн түшээ вэ гэдгийг нотлоод харуулчихав. “Төрийн албан хаагчдыг төсвийн мөнгөөр тураадаггүй юм аа. Тэгэх шаардлагагүй” гээд зөвлөчих хүн ойр тойронд нь байсангүй бололтой. Зөвлөөгүй байлаа ч УИХ-ын гишүүн хүн “Бодлого гаргадаг институтын гишүүн” гэдгээ ухамсарлаж чаддаг байх учиртай. Нөгөөтэйгүүр, Б.Баярсайхан гишүүн эрх баригч намын “Хэмнэлтийн бодлого” гэгчийнхээ эсрэг явж байгаагаа батлаад харуулчихлаа. Өнөөдөр иргэд хоногийн хоолоо хасаж байна. Засгийн газар бүсээ чангалж, тансаг хэрэглээгээ танахыг хичээж байна. Гэвч тоон дотор үсэг гэдэг шиг “70 сая төгрөг юу юм бэ, наадмаас өмнө турж, эрүүлжиж, ард түмэндээ харуулмаар байна, Завханыхан” гэж уцаарлаж суугааг юу гэж ойлгох вэ? Б.Баярсайхан гэдэг хүн Завханаас сонгогдсон ч үнэн ч тэр Монголын асуудлыг харж, эрэмбэлж, кноп дардаг гэдгээ бодож нэг үзсэнгүй…
Б.БАЯРСАЙХАН “ТУРААХ МӨНГӨ” НЭХЭЖ БАЙХАД ЭЭЖҮҮД ГАДНА НЬ УЙЛЖ СУУЛАА
Саажилт өвчинтэй хүүхдүүдээ эмчлүүлэх гэж горьдлого тээсэн аав ээжүүд төрийн ордны үүдэнд аврал эрж суугаад хэдэн өдөр боллоо. Тэд хүүхдийнх нь эм тасарсанд бухимдаж, уйлж, аргаа барснаа учирлаж байлаа. Хүүхдээ гадаадад эмчлүүлчихвэл саажилт нь эдгэрч, хөл дээрээ явдаг болно хэмээн итгэл найдвар тээж иржээ. Үүнийгээ төр засагтаа уламжилж, дэмжлэг хүссэн хэрэг. Яг энэ үетэй давхцан Б.Баярсайхан гишүүн “мөнгөө нэхсээр” байсан юм. Бүр болоогүй урьдчилан сэргийлэх гэдэг нэр барьж, хавдрын эсрэг зарцуулах мөнгөнд гар дүрэх гэж дайрсан нь болчимгүй үйлдэл байв. Тэрбээр “Хавдарт зориулдаг энэ их мөнгөнөөсөө 60,70-хан сая төгрөг шийдээд өгөөч” гэж уурссаныг Төрийн ордны үүд сахиж суугаа ээж хараад юу гэж бодсон бол?
Төр иргэдээ эрүүлжүүлэхэд, урьдчилан сэргийлэхэд мөнгө зарцуулж болно. УИХ-ын гишүүд ч үүнд анхаарах нь зүй. Гэвч юманд эрэмбэ дараа гэж бий. Бас, хууль журам гэж бий. Өнөөдөр хүнд өвчтэй хүүхдүүд өдөр бүр тусламж эрж, нулимс дуслуулж байна. Хавдраа эмчлүүлэхийн тулд тэвдэж сандарч байна. Тэдний мөнгөнд бүү гар дүрээч, Б.Баярсайхан гишүүн ээ! Ажлаа, үүргээ, орчноо мэдэр! Та өнөөдөр дураараа дургиж, мэдрэмжгүй аашилж болох ч сонгогчид үүнийг анзаарч, 2024 онд дүнгээ тавихаар хүлээж буйг ч бас анзаарахад илүүдэхгүй. Энэ бол олон нийтийн үг, олон нийтийн бухимдал юм.