Тус улс марихуаныг хориотой хар тамхины жагсаалтаас хассаны дараа Тайландын хүмүүс каннабисыг гэртээ тарьж, үр тариагаа зарах боломжтой боллоо.
Тус улс хар тамхины эсрэг хатуу чанга хууль тогтоомжоороо алдартай ч Зүүн Өмнөд Азид ийм алхам хийсэн анхны улс болж байна. Уг шийдвэрийг гаргаснаар орон нутагт каннабисын худалдааг хөгжүүлснээр хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбараа хөгжүүлнэ гэж Засгийн газар нь найдаж байгаа аж.
Үүгээр ч зогсохгүй ч нэг сая каннабисын суулгацыг үрслүүлэн тарихад нь зориулан иргэдэд бэлэглэнэ гэсэн мэдээлэл цацагдаад буй.
Тайландын Шадар сайд, Эрүүл мэндийн сайд Анутин Чарнвиракул өнгөрсөн сард хувийн фэйсбүүк хуудастаа "Энэ нь хүмүүс болон төр каннабис, олсны ургамлаас орлого олох боломж юм" гэж нийтэлжээ.
Тэрээр фэйсбүүк хуудсандаа каннабистай болгосон тахианы махан зуушны зургийг хуваалцаж, дүрэм журмаа дагаж мөрдвөл хэн ч ийм тавгийг зарж болно гэжээ. Гол нь бүтээгдэхүүн нь хэрэглэгчдэд өгдөг тетрагидроканнабинолын хэмжээ нь (THC) 0.2% -иас бага байх ёстой гэнэ.
Өнөөдрөөс эхлэн айл өрхүүд эрх бүхий байгууллагад бүртгүүлбэл 6 хүртэлх тооны каннабисын савтай үрсэлгээ авч тариалах боломжтой болох бөгөөд аж ахуйн нэгжүүд ч зөвшөөрөл аван тариалах боломжтой болох аж.
Хүмүүс ресторанд каннабистай хоол, ундаа захиалах боломж ч нээгдэж байгаа гэнэ.
Улс даяарх эмнэлгүүд каннабисыг эмчилгээнд өмнөхөөсөө илүү чөлөөтэй санал болгох боломжтой. Тайланд улс 2018 онд каннабисын эмийн хэрэглээг хуульчилсан Ази тивд анхдагч улс болж байв.
Төлөвлөгөөний дагуу засгийн газар каннабистай холбоотой хэргээр ял шийтгүүлсэн 4000 орчим хоригдлыг суллахаар судлаж байна.
Жилийн турш үргэлжилдэг халуун орны уур амьсгалтай Тайланд нь каннабисыг олон жилийн турш уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг байсан түүхтэй.
Каннабисын хяналтын тухай өргөн хүрээг хамарсан хуулийн төслийг Тайландын парламентад хэлэлцэж байгаа юм.