Эцэг эхчүүдийн төлөөлөл Монголд эмчлүүлэх боломжгүй өвчтэй, гадаад оронд яаралтай эмчлүүлэх шаардлагатай байгаа хүүхдүүдийн асуудлаар Ерөнхий сайдтай уулзлаа. Тэд эмчилгээний зардлыг төр хариуцах, эмчилгээ, мэс заслыг Монголд хийх боломжоор хангаж өгөхийг хүссэн байна. Мөн тархины саажилт, уналт таталт, тархины бусад төрлийн эмгэг өвчтэй хүүхдүүдийн эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах хэрэгтэй байгааг энэ үеэр хөндлөө.
Цар тахлаас шалтгаалан энэ төрлийн өвчний эм тасраад байна. Иймээс эм тариаг яаралтай татан авах асуудалд дорвитой анхаарахыг шаардлаа. Үүнээс гадна, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах орчныг сайжруулж, суралцах боломж нөхцөлийг нэмэгдүүлэх хэрэгтэйг ч онцоллоо.
Өнөөдөр саажилт өвчнөөр шаналж байгаа хүүхдүүдийн 80 орчим хувь нь эмчийн буруугаас болж хохирчээ. Тиймээс эмч, эмнэлгийн ажилтнуудын ур чадвар, ёсзүйг дээшлүүлэх цаг болсон гэж эцэг эхчүүд үзэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд уулзалтын үеэр эцэг, эхчүүдийн санал хүсэлтийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд, зарим үүрэг даалгаврыг салбарын сайд нарт өглөө. Тухайлбал, хүүхдээ асарч байгаа эцэг эхэд мөнгөн дэмжлэг олгох, гадаадаас нарийн мэргэжлийн эмч урьж Монголд авчрах зэрэг хэд хэдэн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ гэлээ.