Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн таталтын эм цар тахлын хоёр жилийн турш тасарсанд бухимдсан эцэг эхчүүд хүүхдүүдийн хамт өчигдөр /2022.06.08/ төрийн ордны гадаа эсэргүүцэл илэрхийллээ.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар иргэдтэй уулзсан юм.
Иргэдийн төлөөлөл “Манай хүүхэд 2019 оны нэгдүгээр сард төрөх журмаараа, нэгдүгээр төрөх эмнэлэгт эрүүл, саруул төрсөн. Хоёр хоноод эмнэлгээс гарсан. Өрхийн эмч ирж үзээд нярайн шарлалт нь 298 байхад “Зүгээр ээ, дараа долоо хоногт эм бичиж өгнө” гэсэн. Би “Манай хүүхэд хэд хүрвэл аюутай вэ” гэхэд “350-аас дээш байвал аюултай” гэж хэлээд явснаас хоёр хоногийн дараа эмнэлэгт очиж үзүүлэхэд аль хэдийнэ 431 болж, тархи нь гэмтчихсэн байсан. Одоо манай хүүхэд дөрвөн мөчний хүнд хэлбэрийн саажилттай. Цэвэр өрхийн эмчийн буруу. Энэ явдлаас хойш дөрвөн жил боллоо. Өдрөөс өдөрт нярайн шарлалтаас үүдэлтэй саажилттай хүүхэд төрсөөр байна. Энд ямар арга хэмжээ авч байна вэ? Эцэг эхчүүдэд өгөх мэдээ мэдээлэл маш дутмаг байна. Миний хүүүхдийг ийм байдалд оруулсан эмч юу ч болоогүй юм шиг ажлаа хийж байгаа. Үүнд ямар арга хэмжээ авах вэ?” гэлээ.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүдийн эцэг, эхчүүдэд ковидын үед тулгамдсан хамгийн том асуудал нь таталтын эм байсан. Францын компанид арван нэр төрлийн эм оруулж ирэх зөвшөөрөл өгсөн. Таталтын эм албан ёсоор оруулж ирэх зөвшөөрлийг өгч байна. Мөн эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлдөг, төрөөс даадаг тогтолцоог нь оруулж ирье гэж С.Энхболд сайдтай ярилаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвд ажиллаад ирлээ. Энэ төв нь сэргээн засах болон хөгжлийн үйлчилгээ үзүүлдэг. Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэггүй. Тэнд Эрүүл мэндийн яамтайгаа ярилцаад эрүүл мэндийн үйлчилгээ сайжруулж, тусгай зөвшөөрлөө авъя, хамтарч ажиллая гэж ярьсан. Тун удахгүй үр дүн гарна. Яг одоо гадагшаа явах гэж байгаа эцэг эхчүүдийн хувьд, хандив цуглуулаад явж байгаа маш олон хүүхэд байна. Хүүхдүүдийг гадагшаа явуулах биш мэргэжлийн мундаг эмч нарыг нь урьж Монголдоо ажлуулах нь илүү олон хүүхдэд хүрэх боломж бүрдэнэ. Мөн дотооддоо байгаа эмч нарын чадварыг нэмэгдүүлье. Эдгээр хагалгааг дотооддоо хийдэг болох тал дээр боловсон хүчнээ бэлдэж эхэлье”.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд баасан гарагийн 10 цагт эцэг эхчүүдэд шийдвэрээ хүргэх болно гэлээ.