Өнгөрсөн сарын 28-нд Монголд анх удаа 100 саяын бооцоот тулаан, "999-Fight Night"-ыг зохион байгуулсан. Энэ тулаанд "Гаруда ММА" клубын тамирчин Б.Гантогтох, "Мазаалай" клубын тамирчин А.Тэмүүлэн нар хүч үзсэн юм. Тулаанд тамирчин Б.Гантогтох ялалт байгуулсан ч бооцооны мөнгөө авч чадаагүй байгаа асуудлаар манай редакцид хандсан юм. Түүний яриаг хүргэе.
ЦАГ ХУГАЦАА, БҮХ ЗҮЙЛЭЭ ЗОРИУЛСАН Ч ХОХИРЧИХЛОО
Юуны өмнө танд баяр хүргэе. Таны өмнө аваргын бүс, 100 сая төгрөгийн батламж байна. Гэвч мөнгө нь алга гэлээ. Яагаад ийм байдалд хүрэх болов?
“Цог-999” холбоо шинээр байгуулагдаж байна. Холбооны нээлтийн оргил тулаанд намайг тулалдах уу гэсэн санал дөрөвдүгээр сард ирсэн. Хангалттай бэлтгээд оролцсон. Гэвч анхнаасаа гэрээгээ байгуулаагүй, хэлсэн ярьсандаа цаад талынхан маань хүрээгүйгээс болж, бооцооны мөнгөө авч чадаагүй байна. Манай талыг гэрээ байгуулаагүй, хоёр тамирчин тэмцээн эхлэхээс өмнө мөнгөө байршуулаагүй гэдэг зүйлийг холбооны зүгээс ярьж байна.
Та олон улсад нэрээ гаргасан туршлагатай тамирчин хүн. Яагаад гэрээ байгуулаагүй юм бэ?
Тэр хүмүүст би итгэснээс л болсон юм. Би удаа дараа гэрээгээ байгуулах уу, мөнгөө байршуулах уу, яах вэ гэж асуусан. Би тамирчин хүн. Зүгээр л бэлтгэлдээ төвлөрмөөр байна шүү дээ. Гэтэл би тэгээгүй. Асуусаар л байсан. Тэр тоолонд “Ямар ч асуудалгүй ээ, зүгээр л итгэ. Чи ялбал 100 сая төгрөгийг чинь бэлнээр гардуулна гэж хэлсэн. Бас сарын өмнөөс C1 телевизээр нэвтрүүлэг яваад л, Монгол орон даяар зарлаад байхаар нь надад маш их итгэл төрсөн л дөө.
БООЦООТОЙ ТУЛАЛДАХ САНАЛЫГ А.ТЭМҮҮЛЭН ӨӨРӨӨ ГАРГАСАН
100 сая гэдэг нь дүн хаанаас гарч ирсэн юм бэ? Бооцоог яаж гаргахаар тохирсон юм бол?
Хамгийн анх зүгээр л "ямар ч бооцоогүй тэмцээн хийе" гэж зохион байгуулагч талаас ярьсан. Харин ялбал шагналын 50 сая төгрөг авна шүү гэдэг санал тавихад би хүлээгээд л авсан. Зөвшөөрсөн. Санал ирснээс хойш хэд хоногийн дараа миний өрсөлдөгч Тэмүүлэнгийн талаас “10 сая төгрөгөнд тогломооргүй байна. Хоёр талаасаа 20 саяын бооцоотой тулалдъя. Зөвшөөрөхгүй бол би энэ тулаанд орохгүй гэсэн. Гэтэл надад гаргаад өгчих ийм их мөнгө байхгүй шүү дээ. Ингээд би хамтарч ажилладаг "Жи-Мобайл" компанийнхаа Дашням ахад хэлэхэд “Чи өөртөө итгэлтэй байгаа бол асуудал алга. Бооцооны мөнгөө 50 сая болгочих. Хоёр талаас 50,50-ыг гаргая. Шагналын 10 сая. Нийт 110 саяын тулаанд оръё” гэж хэлсэн. Энэ саналаа хэлэхэд зохион байгуулагч тал ч зөвшөөрсөн. Ингээд л тулалдсан.
Нөгөө талын тамирчин ч бас зөвшөөрсөн үү?
Тэгсэн. Гэхдээ шууд 50 саяыг гаргах боломжгүй учраас тодорхой хэсгийг нь холбооноос гаргаад, тулаанаа асуудалгүй зохион байгуулна гэж тохирсон юм билээ. Нэг ёсондоо, нөгөө талын бооцооны эрсдэлийг Цог-999-ийнхэн ч бас хамт хариуцсан гэсэн үг.
ХОЛИМОГ ТУЛААНЫ ШИНЭ ТҮҮХ БИЧИЖ БАЙНА ГЭЖ ХАРИУЦЛАГАТАЙ ХАНДСАН
Тэгээд нэг ч төгрөг аваагүй хэрэг үү?
Бооцоогоо алдсан ч 10 саяын шагналаа өгсөн. Уг нь, би 110 саяын төлөө бүх юмаа зориулсан шүү дээ. Гэтэл одоо хоёр тамирчны л асуудал. Өөрсдөө хоорондоо учраа олцгоо гэдэг тайлбар хэлээд сууж байна шүү дээ.
Гэрээ байгуулаагүй нь аль аль талынх нь буруу байж болно. Гэхдээ зохион байгуулагчид, нөгөө тамирчин ч ёсзүйтэй, хэлсэн ярьсандаа байх ёстой гэдэг асуудал хөндөж байна уу?
Анх хэвлэлээр зарлаад, шторк нь сарын өмнөөс яваад л, санал тавиад эхлэхэд “Би Монголын тулааны спортын шинэ түүхийг бичилцэж байна. Анхны 10 саяын тулаанд орох нь ээ” гэж маш баярласан. "Түүх бичье, хариуцлагатай байя гэж бодсон. Зохион байгуулагчийн явуулсан чат мессеж, бүх баримт, амлалтууд нь надад байгаа. Би бас нэг юм хэлчих үү?
АМИА АЛДСАН Ч ГОМДОЛГҮЙ ГЭЖ ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН
За.
Би мөнгө төгрөгийн асуудал дээр гэрээ байгуулаагүй, хэлсэн үгэнд нь итгэсэн. Үүгээр барахгүй нэг гэрээнд гарын үсэг зурсан юм. Тэр нь бэртэл авч, амь насаа алдсан ч гомдолгүй. Холбооны зүгээс ямар ч хариуцлага хүлээхгүй гээд гарын үсэг зурсан. Хэр баргийн тамирчин үхсэн ч гомдолгүй гээд шууд хэлчихгүй шүү дээ. Надад маш их итгэл төрүүлсэн. Би дасгалжуулагчаар ажилладаг. Ажлаа, гэр бүлээ орхиод хоёр сар явлаа. "Эр хүн шиг итгэлцээд явъя" гэчихээд аль аль тал нь таг чиг болчихлоо.
ОХУ-Д БЭЛТГЭЛ ХИЙХЭД 10 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛСАН
Гадагшаа явж хүртэл бэлтгэл хийсэн гэв үү?
Би тулааны санал авсан цагаасаа хойш сэтгэл зүйгээ маш сайн бэлдсэн. Ялна гэдэгтээ итгэлтэй байсан. Бүр ОХУ руу явж, мэргэжлийн тулаанчдын хийдэг тэр л зарчмаар бэлтгэлээ хангасан. Оросод кэмпийн бэлтгэл хийхэд 10 гаруй сая төгрөг зарцуулсан. Оросоос хоёр дасгалжуулагч хүртэл намайг дагаж ирсэн шүү дээ. Холимог тулааны шагналын сан анх удаа есөн оронтой тоо руу орлоо. Би юу чаддагаа харуулна гээд л хамаг юмаа зориулсан.
Тэмцээний шагнал гардуулж, аваргын бүс зүүж өгөх үеэр зохион байгуулагчид юу ярьж байсан бэ?
Энэ бол амьдралаа өөрчлөхөөр хэмжээний мөнгө гэж зарлаад л, үнэхээр сайхан санагдаж байлаа. Нойр хоолоо хасаж, хичээсний хэрэг гарах нь ээ гэж баярласан. Тэр үед “Гурав хоногийн дотор бооцооны мөнгө чинь шилжиж орно. Асуудал байхгүй гэж холбооноос хэлсэн. Энэ холбооны ард “Даваа уул” гээд уул уурхайн компани байдаг. Мэргэжлийн тулааны түүх бичиж байгаа хамт олон ёсзүйтэй, хариуцлагатай хандах байх аа гэж итгэж орсон. Тэгээд л ийм юм болчихлоо. Нөгөө тамирчин маань ч “Ялагдвал яах вэ” гэдгээ тооцоолоогүй орж ирсэн юм шиг санагдсан. Хэрвээ би ялагдсан бол “Жи-Мобайл компани бүх мөнгөө гаргахад асуудалгүй байсан.
"999 цог" холбоо болон Тэмүүлэнд хандаж юу гэж хэлэх вэ?
2013 оноос эхлээд л олон улсын тэмцээнүүдэд оролцлоо. Дэлхийн аваргын хошой хүрэл, Зүүн азийн аварга, Хятадын Кикбоскын холбооны аваргын бүстэй боллоо. Би хэзээ ч амжилтдаа ханаж, зогсож байгаагүй. Энэ удаагийн тулаанд ч өөрийгөө харуулъя гэж маш их хичээсэн. Тэмүүлэн болон холбооны зүгээс хоёр хоногийн дотор мэдэгдэл хийгээч ээ. 14 хоногийн дотор мөнгөө өгөөч ээ л гэж хүсмээр байна.
Бид мэдээллийн тэнцвэрт байдлыг хангах үүднээс "999 цог" холбоотой утсаар холбогдоход “Хоёр талаас мөнгөө анхнаасаа байршуулаагүй нь буруу болсон. Гэхдээ яалт ч үгүй зохион байгуулалтын алдаа гарчихлаа” гэсэн хариулт өглөө. Харин "Мазаалай" клубын тамирчин А.Тэмүүлэнгийн утас “холбогдох боломжгүй” байлаа.