Эмээлт дэх махны үйлдвэртэй холбоотой асуудлаар БНХАУ-ын “ХКҮ” компанийн байранд шалгалт явуулж байна.
Эрүүгийн цагдаагийн албанаас хүний эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй хорт бодис агуулсан мах, махан бүтээгдэхүүнийг худалдаанд гаргасан байж болзошгүй гэдэг үндэслэлээр хэрэг бүртгэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм.
Энэ тухай албаныхан “Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хүний эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй мах, махан бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн худалдаанд гарсан уу, иргэдэд түгээгдсэн үү, экспортод гарсан уу, нянгийн бохирдол ихтэй мах нь “ХКҮ” компанийнх уу эсвэл “Эм Ди Си Пи” компанийнх уу гэдгийг шалгахаар ажиллаж байна. Мөн “ХКҮ” компани мах экспортлох квот буюу зөвшөөрлөө “Эм Ди Си Пи” компанид ашиглуулсан уу, эсвэл зарсан уу гэдэг асуудлыг шалгахаар шалгалтын ажиллагаа явж байна. “Эм Ди Си Пи” компанийн үйлдвэрийн байрнаас “ХКҮ” компанийн хаяг шошготой их хэмжээний мах гарсныг мэргэжлийн хяналтын байгууллага тогтоосон. Энэ асуудалд прокурорын зөвшөөрлийн хүрээнд хэргийн үзлэг нэгжлэг хийх, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна” гэв.