Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, ган гачигт нэрвэгдсэн Сомали улсад бараг 200 мянга гаруй хүн өлсгөлөнгийн ирмэг дээр байна гэж НҮБ-ын агентлаг мэдээллээ.
Даваа гарагт тус агентлагууд Африкийн буланд дөрвөн улирал дараалан бороо ороогүй бөгөөд дэлхийн цаг уурын байдал улам тогтворгүй болж байгаа гэнэ. Энэ оны сүүлээр олон жилийн дунджаас бага хур тунадас орохыг цаг уурчид анхааруулж байна.
Сомалид сүүлийн 40 жилд тохиогоогүй ган гачиг болж, өлсгөлөнгийн томоохон хямралд хүргээд байна. Үүний зэрэгцээ Орос-Украины дайн гол үр тариа, хүнсний тосны зах зээлд сөргөөр нөлөөлж хүнсний бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд дээд амжилт тогтооход ойрхон болжээ.
НҮБ-аас мэдээлснээр нийт 213 мянга орчим Сомаличууд өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгаа нь дөрөвдүгээр сарын түвшнээс бараг гурав дахин нэмэгдсэн байна гэж Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP), Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), НҮБ-ын Хүүхдийн сангаас (ЮНИСЕФ) гаргасан мэдэгдэлд дурджээ.
Тус агентлагуудын мэдээлснээр 7.1 сая орчим Сомаличууд буюу хүн амын бараг тал хувь нь хүнсний аюулгүй байдлын цочмог түвшинд тулгараад байгаа бөгөөд энэ нь тэд өдөрт шаардлагатай хамгийн бага илчлэгээ авч чадахгүй байгаа гэсэн үг аж. Амьд үлдэхийн тулд хөрөнгөө зарах шаардлагатай болж магадгүй гэсэн аюултай үр дагавар ч үүсээд буй гэнэ.
Эх сурвалж: Aljazeera