“Дуу хөгжим гэдэг хүнд тайтгарлыг өгдөг. Ухаарал, урам зориг хайрладаг” хэмээн залуу уран бүтээлч Э.Амгалан ярьж байна. Тэрбээр “The voice Mongolia” шоунд амжилттай оролцож, олон түмэнд өөрийн уран бүтээл, авьяас чадлаа харуулсан. Байн байн хүмүүжил төлөвшил, чин сэтгэлийн тухай ярих энэ залууг урлагийн урт холын зам, амжилтын аяны дөрөө хүлээж буй.
БАГЫН АВЬЯАСАА ХӨГЛӨЖ, ДУУНЫ УРЛАГИЙГ СОНГОСОН
Э.Амгалан Увс аймгийн Улаангом суманд төрж өсчээ. Сургуулийнхаа урлагийн наадам алгасдаггүй “элдэвтэй” хүү дуучин болно гэж шийдсэн нь 2006 он байв. Ингээд тэр Сити их сургуулийг дуулаач мэргэжлээр дүүргэжээ. Гэхдээ мэргэжлийн дуучин болсон ч дуу бичлэгийн студид ажиллаж, уран бүтээлчдийн шинэ бүтээлийг сонсогчдод хүргэдэг “дуу үйлдвэрлэгч болжээ. Тэрбээр 2009 оноос хойш дуу бичлэгийн студидийн ажилд шамдаж, олон арван уран бүтээл дээр ажиллажээ. “Оюутан байхаасаа л дурлаж хийсэн энэ л ажилдаа хайртай” хэмээн Э.Амгалан онцолсон.
ӨӨРИЙГӨӨ “ХАДГАЛСААР” ӨДИЙГ ХҮРЛЭЭ
Эцэг эхээс заяасан унаган авьяасаа "усалж тордож" байх учиртай гэдгийг Э.Амгалан өөрөөрөө үлгэрлэн харуулж байна. Тэр ямархан чадал чансаатай дуучин болохоо олон нийтэд таниулахын тулд шоунд оролцохоор шийджээ. Би урлагийн тогоонд олон жил "чанагдсан" гэж хүн бардах биш, алхам тутамд мэрийлттэй, хүндэтгэлтэй хандаж ирсэн нь түүнд амжилтын түлхүүрийг атгах боломж бүрдүүлжээ.
Түүнийг финалын шатанд өрсөлдөж, түрүүлэх болов уу яах бол гэж чих тавин байх үед олон нийт баяр баярхлын үгсийг түүнд харамгүй хаяглаж байлаа. Учир нь, тэр өөрөө ч талархлын үгнээс гар татдаггүй, сайхан сэтгэлтэн, залуу уран бүтээлч ажээ. “Намайг хүмүүс юу гэж бодох бол гэдэг айдас минь сүүлчийн шатанд ороход аажмаар арилсан байсан. Би зүгээр л өөрийгөө харуулахыг хүссэн” гэж Э.Амгалан ярив. Хүн үнэхээр л чаддаг юмандаа ам бардам, зориг дүүрэн байх нь даанч сайхан юм даа” гэх бодол ярилцаж суухад өөрийн эрхгүй төрж байлаа.Тэр үнэхээр өөрийгөө ил харуулах, мэдрүүлэх, дотроо би чадлаа гэж хашгирах, “зөв бардах” цаг нь иржээ. Монголын урлагийн тухай тэр санаа бодлоо хуваалцахдаа “Аливаа юм гэдэг шинэчлэгдэхдээ дандаа хуучин үе рүүгээ эргэж байдаг юм байна. Монголын төдийгүй дэлхийн дууны урлаг энэ аясаар л явж байна. Чин сэтгэл, зөв хандлагатай хүмүүс олон байвал сайн бүтээл төрөх нь дамжиггүй хэмээн” хэлсэн юм.
ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ЮУГААР Ч ОРЛУУЛШГҮЙ
Э.Амгалан өөрийгөө нээсэн сайн уран бүтээлч болоход түүний аав ээж, хань нь гол үүрэг гүйцэтгэжээ. “Намайг хурцалж, бүхий л талаар дэмжсэн учраас би өнөөдөр "асаж" байна. Тэдний минь л хүч” хэмээн онцлов. “The voice” шоунд оролцоход эхнэр минь намайг бүх талаар хөтөлсөн. Зөвхөн дуулах тал дээр зөвлөх биш, бүхий л зүйлийг минь бэлтгэж, миний менежерийн үүргийг гүйцэтгэдэг. Хань минь ингэж л дэргэд тулдаг болохоор би улам хичээх ёстой” гэж залуу уран бүтээлч инээмсэглэн ярив. Ганц нэг дуу аялж сонирхуулаач гэж биднийг хүсэхэд хамгийн түрүүнд
“Чинийхээ чинь сэтгэлийн хайрыг
Чиний нүд рүү ширтэхдээ би мэдэрнэ” хэмээн дуулав.
“Энэ дууг би эхнэртээ зориулж дуулах дуртай” хэмээн ярив. Хайрын тухай, ханийнхаа нинжин сэтгэл, халамж энэрлийн тухай дуулахдаа үнэхээр л тэр бахдал дүүрэн хөгжмөө дарж байлаа. “Би гэр бүлдээ цаг гаргадаг сайн аав байхыг эрхэмлэдэг” хэмээн Э.Амгалан бидэнд хэлсэн.
УРАН БҮТЭЭЛЭЭРЭЭ ДАМЖУУЛЖ, НИЙГЭМД ГЭРЭЛ ТҮГЭЭХИЙГ ХҮСДЭГ
Нийгмийн болж бүтэхгүй асуудал дундуур зүгээр өнгөрөх бус, өөрийнхөө хувь нэмрийг оруулах нь Э.Амгалангийн баримталдаг зарчим гэж хэлж болох ажээ. Тэр “Нийгэмд дэм болох, гэрэл түгээх боломж нь миний уран бүтээл. Тиймээс үргэлж эх орныхоо хөгжилд өөрийн ажлаараа дамжуулж нэмэр болохыг эрмэлздэг. Зөв хандлага бол эх оронч үзлийн илрэл. Хүний хүүхдийг ч өөрийн хүүхэд шигээ хайрладаг, урт дараалалд зогсож байгаа настан буурлыг урдуураа оруулаад хүндэлдэг байхаас л эх оронч үзэл эхэлнэ. Энэ зөв хандлага хүнд бага наснаас төлөвшинө. Түүнээс биш, гэнэтхэн нэг л өдөр гараад ирчихгүй. Тиймээс л үр хүүхдээ ч зөв хүмүүжүүлэхсэн, залууст зөвөөр үлгэрлэхсэн гэж хичээдэг” гэсэн юм.
ЧИН СЭТГЭЛТЭЙ БАЙХАД…
Залуу уран бүтээлчтэй хөөрөлдөж суухад, байсхийгээд л яриа бүр нь “Чин сэтгэл” гэх үгтэй холбогдож байлаа. Аливаа ажлыг хүний өөрийн гэж ялгалгүй цэх шулуун хийх, чин сэтгэлээсээ "шаналж шатдаг" нь түүний нэрийн хуудас гэж хэлж болох ажээ. Тэр зүгээр ч нэг гоё хоолойтон биш, гагнасан мэт бат итгэл, зөв энергитэй хүн гэж түүний ойр тойрныхон нь үнэлж дүгнэж бичсэн байхыг олонтаа харж байлаа.
Э.Амгалан гэх цэл залуухан уран бүтээлч өдгөө урлагийн их замын эхэнд зогсож байна. Түүнд ихийг хийх, зөвийг таниулах хүсэл мөрөөдөл бий. “Би би” гэж цээжээ дэлдэх бус, зүгээр л бүтээлээ туурвиж, өөрийн гэх бүхнээрээ харуулах хүсэл бий. Түүний ялгарах онцлог нь дан ганц сайхан хоолой бус, чин сэтгэл, бат итгэл, зөв хандлага, хичээл зүтгэл юм байна” гэж тодорхойлж болмоор санагдлаа. Тэр дуучны замналынхаа анхны том шанг амжилттай татлаа. Түүнийг мянга мянган бээрийн аялал, аяны их дөрөө хүлээж буй…
Бичлэгийг дээрээс үзнэ үү.