Эмээлт дэх махны үйлдвэрүүдийн бэлтгэж буй стандартын шаардлага хангахгүй мах, махан бүтээгдэхүүний асуудалтай холбогдуулан Монголын махны холбооноос мэдээлэл хийж байна.
Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбат "Холбоонд багтдаг үйлдвэрүүд 7 хоног болгон махыг шинжилгээнд хамруулдаг. Экспорт хийх үйлдвэрүүдийг тусгай баг ирж шалгадаг. Зөвхөн импортлогч орны саналаар дулааны аргаар боловсруулж болон, хөлдүү, түүхийгээр гаргадаг. Лабораторийн бүх шинжилгээг хийж гаргаж байгаа. Дулааны аргаар боловсруулсан маханд БНХАУ-ын хил дээр шинжилгээ хийлгэхэд маханд биш хайрцаг, савнаас коронавирус илэрснээр экспорт зогссон. Бүх орон ингэж мах экспортолж авч байгаа.
Энэ зөвхөн өнөөдөр илэрч байгаа асуудал биш. Олон жилийн хээр, хөдөө малыг төхөөрөөд дуртай газраа ирж худалддаг байсан. Үүнийг хумьсан ч эзгүй байшин түрээсэлж үйл ажиллагаа явуулсан байна" гэв.
"Мах маркет" ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Болор "Сүүлийн үед үүсээд байгаа асуудалтай холбоотойгоор албан тайлбар өгөхийг зорилоо. Эх сурвалж гэсэн хүний мэдээллээр бусад олон зуун компанийн ажилтнуудын, хэрэглэгчдийн эрх ашиг хөндөгдөж байна.
Махны холбоонд 60 гаруй компани гишүүнчлэлтэй байдаг. Бүх компани Олон улсын хүнсний аюулгүй байдлын тогтолцоо, ISO стандартыг нэвтрүүлсэн үйлдвэрүүдтэй. Бид өдөр болгон түүхий эдээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн болох хүртэл дээж авч, 100 гаруй нэр төрлийн шинжилгээнд хамруулж эрүүл, эргэлзээгүй бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ нийлүүлдэг.
Тийм учраас олон нийт, ард иргэддээ хандаж хэлэхэд үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн ямар ч эргэлзээгүй шүү. Хиам, хиаман бүтээгдэхүүнийг хэрэглэж болохгүй гэж бүү туйлшраасай. Бид ямар ч эргэлзээгүй, аюулгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа" гэлээ.