
Богдхан уулын Дугуй цагаан орчмын шавар гэрүүдийг буулгасан асуудлаар тус газарт үйл ажиллагаа явуулж байсан жуулчны баазын төлөөлөл ямар нэг мэдэгдэл, албан бичиг хүргүүлэхгүйгээр нураасан тул хуулийн байгууллагад хандана гэдгээ илэрхийллээ.
Эзэмшигчийн төлөөлөл мэдэгдэлдээ "Богдхан амралтын газар нь 2003 оноос хойш олон жил үйл ажиллагаа явуулсан. Сүүлийн жилүүдэд цар тахлын нөлөөгөөр бусад байгууллагын нэгэн адилаар үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэл гарч байв.
Манай байгууллага нь нийгмийн хариуцлагаа ухамсарлан нийтийн эрх ашгийг хүндэтгэн үзэж иргэдийг чөлөөт цагаа зөв өнгөрөөхөд нь дэмжлэг болох үүднээс хаалга үүдээ нээлттэй байлгаж, өөрсдийн хөрөнгөөр орчноо цэвэрлэн ил задгай хаясан хог хаягдлыг хаяж, цэвэрлэн тохижилт үйлчилгээг хийж байсан.
2022 оны тавдугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу ирсэн гэх тайлбараар дөрвөн ширхэг том оврын экскаватор, найман ширхэг автосамосвал хүнд даацын машин үүрийн 4-5 цагийн үед үүдний төмөр хаалгыг эвдэн хүч түрэн дайран орж ирж манай байгууллагын өмч хөрөнгийг эвдэж сүйтгэн нураалаа. Тухайн өдөр 54 ширхэг гэр хэлбэртэй бетон тоосгон барилгыг доторх тавилга эд хогшлынх нь хамт нураасан. Мөн хоёр ресторан, үйлчилгээний барилга доторх тавилга, эд хогшил, хураалттай бараа материал, соёл урлаг арга хэмжээ зохион байгуулдаг тайз, спортын талбай зэрэг их хэмжээний эд хөрөнгүүдийг санаатайгаар эвдэн нураасан.
Аливаа төрийн байгууллага нь хууль ёсны хэмжээнд явуулах бол зайлшгүй урьдчилан мэдэгдэх, сануулах, хууль шүүхийн гарсан шийдвэрийн дагуу ажиллах үүрэгтэй байсан. Ийнхүү НЗДарга бөгөөд УБ хотын Захирагч Д.Сумъяабазар болон түүний удирдлага дор байдаг агентлаг, албан тушаалтнууд нь хууль ёсны дагуу албан ёсны зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаа Богдхан амралтын газар дээрх эд хөрөнгөд халдаж, нураасан нь Ардчилсан Монгол Улсад хэрхэвч байж болшгүй хууль зөрчсөн үйлдэл мөн. Иймд манай байгууллага нь зохих ёсны хууль шатны байгууллагад гомдол гаргаж, албан ёсоор хандах болно" гэлээ.
Мөн энэ жилээс эхлэн шат дараалалтайгаар бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байсан гэв. Ерөнхийлөгчийн санаачилсан нэг тэрбум мод хөдөлгөөний хүрээнд мод тарьсан ба сагсны талбайгаа тохижуулж, гэрэлтүүлэг хийж, дараагаар нь гэрүүддээ засвар хийхээр төлөвлөж байсан гэлээ.