Монголын бурхан шашинтны шинэ төвийн тэргүүн З.Санждорж өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр зарим хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч миний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг зохион байгуулалттай, зориуд, санаатайгаар гутаан доромжилж, ямар ч үндэслэлгүй гүжир гүтгэлэг үйлдэж, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаж байгаа асуудлыг цагдаа, хууль хяналтын байгууллагад гомдол гаргаж байна.
Мөн шүүхэд албан ёсоор нэхэмжлэл өгч өөрийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх болно гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.
Монголын бурхан шашинтны шинэ төвийн тэргүүн З.Санждорж "Тэд тодорхой баримт, үндэслэлгүйгээр хэрээс хэтэрсэн доромжлол, эвлүүлэгтэй мэдээлэл олон нийтэд зэрэг тарааж байна. Тухайлбал, намайг шашны сургуулиас хөөгдсөн гэсэн мэдээлэлд би няцаалт өгч дипломоо харуулъя. Би мөн Гандантэгчэнлин хийдийн гэвш ламын батламжтай. Мөн би одоо ч тус хийдээс хөөгдсөн тушаал аваагүй байгаа.
Мөн намайг эрүүгийн хэрэгт холбогдсон гэсэн мэдээлэл гарсанд хариу өгөхөд, ЦЕГ-ын Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолтод миний бие эрүүгийн хариуцлага хүлээгээгүй гэдэгт тодорхой байна.
Хамгийн гол нь намайг хүчингийн хэрэг хийсэн гэж гүтгэж байгаа нь арай дэндэж байгаа тул өнөөдөр хэвлэлийн хурал хийж, шүүхэд өгч нэр төрөө сэргээлгэхийг мэдэгдэж байна.
Энэ бүх гүтгэлгийн эхлэл бүр 2008 оноос эхлэлтэй бөгөөд захиалагч нь Төв гандантай холбоотой гэж хардаж байна. Учир нь Төв гандангийн зарим лам газрын наймааны маш том гэмт бүлэглэл. Одоо Гандан хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа нь үнэн бөгөөд үүнийгээ дарахын тулд намайг гүжирдэж байна. Надтай холбоотой хүчингийн хэрэг байхгүй" гэв.